Хүүхдийг Ивээх Сан, Багануур дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан, нийслэлийн Багануур дүүргийн ИТХ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэхүү санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, нийслэлийн Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Төгөлдөр нар Хүүхдийг Ивээх Сангийн байранд 2026 оны 2 дугаар сарын 2-нд гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Т.Хашлянхуа болон Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, А.Баярмаа, Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан П.Цэдэндамба, Г.Цолмон нар оролцов.

 

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Багануур  дүүргийн хороодод ажиллаж буй хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн  нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр дэмжих, чадавхжуулах сургалт зохион байгуулах, ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоо, санаачилгыг дэмжих, сургалт нөлөөллийн үйл  ажиллагаанд хамруулхаар тохирсон байна. Мөн, сурагчид хоорондын үе тэнгийн дээрэлхлийг бууруулах “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Багануур дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс болон Боловсролын хэлтсийн хүүхэд, гэр бүлтэй ажилладаг 25 мэргэжилтнийг Хүмүүжлийн эерэг арга хөтөлбөрийн чиглүүлэгчээр сургах зэрэг өргөн хүрээнд хамтран  ажиллахаар болов.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай Багануур дүүргийн удирдлагад өөрийн байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, Багануур дүүргийн төлөөллүүд хүрэлцэн ирсэнд талахлаа илэрхийлэн, Хүүхдийг Ивээх Сан та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээв.

Багануур дүүргийн ИТХ-ын дарга П.Төгөлдөр Хүүхдийг Ивээх Сангаас үйл ажиллагааныхаа чиглэлээр мэдээлэл өгсөнд талархлаа илэрхийлж, “Багануур дүүрэг 30,000 иргэнтэй, ерөнхий боловсролын 3 сургууль, 10 цэцэрлэгтэй. Дүүргийн иргэдээс гадна ойролцоо орших 5-6 сумын иргэд Багануураас нийгмийн үйлчилгээ авдаг. Өнгөрсөн хугацаанд бид танай байгууллагаас олон төрлийн сургалт авч байсан бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун байдаг. Өнөөдөр тө бүхэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж буйдаа баяртай байна” хэмээн хэллээ.

Хүүхдийг Ивээх Сан нь Монгол улсад 1994 оноос үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллага бөгөөд нь хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах зорилготой ажилладаг.