Модтой хамт ургаж буй ирээдүй
Хүүхдийг Ивээх Сан нийслэлийн Налайх дүүрэгт ойн төгөл байгуулах, иргэдийн экологийн боловсролыг нэмэгдүүлэх зориолготой “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн сурагч Түвшинжаргалын Маралжин бол энэхүү төслийг дэмжин төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сурагчдын нэг юм.
Т.Маралжин сургуулийнхаа эко клубийн гишүүн бөгөөд сүүлийн жилүүдэд клубийн найзуудынхаа хамтаар хогоо ангилж хаях, мод тарих зэрэг байгальд ээлтэй санаачлагуудыг хэрэгжүүлж байна. Ирээдүйд ногоон, эрүүл орчинд нөхөр, хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг тухайгаа хуваалцсан юм. Тиймээс ч энэхүү мөрөөдлөө бодит болгохын төлөө мод тарих үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байна. Өнгөрсөн намар тэрээр найзуудынхаа хамтаар “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд 9 нарс мод тарьжээ. Мод хүчилтөрөгч ялгаруулж, агаар цэвэршүүлдэг. Модтой орчинд байхад стресс бууруулж, сэтгэл санааг тайвшруулдаг болохоор амьдарч байгаа орчноо ногоон байгаасай гэж хүсдэг гэж Т.Маралжин ярилаа.

“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд мэргэжилтний заавар, зөвлөгөөний дагуу мод тарихдаа модыг зөвхөн тариад орхих биш, тогтмол арчилж ургуулах нь чухал гэдгийг ойлгосон хэмээн тэрээр онцоллоо. Тэрээр цаашид найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хамтаар хавар, намар болгон мод тарих болно хэмээн тэрээр ярьсан юм. Мөн үе тэнгийн найзууддаа хандаж, “Хүн амьдралдаа гурван зүйлийг заавал хийх ёстой гэдэг. Нэгдүгээрт, мод тарих, хоёрдугаарт ном бичих, гуравдугаарт үр удмаа үлдээх. Тиймээс хүүхэд бүр мод тарьж, тарьсан модоо арчилж ургуулаарай хэмээн уриалсан юм.
Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь хүн төрөлхтөний өмнө тулгамдсан, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай асуудал болоод буй энэ үед сурагч Т.Маралжин амьдрах орчны дарамт, байгаль орчны бодит нөхцөлийг ойлгож, ногоон орчинд амар тайван амьдрах мөрөөдлийнхөө төлөө одооноос бодит алхам хийж эхэлжээ.
Түүнийг мөрөөдөлдөө хүрэх алхмыг хэрэгжүүлэхэд нь “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл хэрэгжиж байгаа нь маш их таалагдаж байгаа бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтуудад хамрагдсанаар уур амьсгалын өөрчлөлт, мод тарихын ач холбогдлын талаар илүү гүнзгий ойлгож авчээ.
Нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд сурагчдыг мод тарих үйл ажиллагаанд оролцуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, мод тарихын ач холбогдлын талаар сургалтад хамруулж байгаа нь байгалиа хамгаалах ухамсар, дадалтай залуу үеийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.
Налайх дүүргийн ерөнхий боловсролын “Голомт” сургуулийн Экологийн багш Г.Энхтуул “Мод тарих аргазүйг нь заагаад, газар дээр нь мод тарих боломжоор хангаж байгаа нь бидэнд маш их таалагдаж байгаа. Манай сурагчид сургалтад сууж, мод тарьсандаа их баяртай байгаа. Сурагчдын маань байгальд хандах хандлага нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Т.Маралжингийн хувьд ч энэхүү төслийн үйл ажиллагаанд оролцоод байгаль хамгааллын талаар олон зүйлийг таньж мэдсэн. Т.Маралжин мод тарихаас гадна хог хаягдлыг ангилж хаях, хэрэггүй зүйлээ дахин ашиглах зэрэг олон ажилд идэвхтэй оролцдог” хэмээн хэлсэн юм.

