Хүүхдийг Ивээх Сан Баян-Өлгий аймагт “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл хэрэгжүүлнэ
– Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо-
Хүүхдийг Ивээх Сан Баян-Өлгий аймагт “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэх юм. Тус төслийн нээлт болон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол Баян-Өлгий аймгийн Өлгий хотын MJS тауэрийн “Dostyk” танхимд 2026 оны 2 дугаар сарын 6-нд боллоо. Тус арга хэмжээнд Хүүхдийг Ивээх Сангийн удирдлага, ажилтнууд болон Баян-Өлгий аймгийн удирдлагууд, хүүхэд хамгаалал, боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, зорилтот сургуулиудын захирал, нийгмийн ажилтан, багийн Засаг дарга нар оролцлоо. Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Манай байгууллага болон Баян-Өлгий аймагтай олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй гэдгийг дурдахад таатай байна. Анх 1998 оноос казах хүүхдүүдийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мөн тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан Олон нийтэд түшиглэсэн нөхөн сэргээх төв, 2000-2005 онуудад 30 гэр цэцэрлэгийг тус аймагт байгуулж байсан. Өнөөдөр хүүхэд хамгааллын чиглэлээр шинэ төсөл эхлүүлж байгаадаа их баяртай байна. Аймгийн Засаг дарга, бусад удирдлагын төлөөлөл болон сургуулиудын удирдлагууд биднийг халуун дотно хүлээж авч байгаад талархал илэрхийлье. Энэ хамтын ажиллагааны үр дүнд олон мянган хүүхдийн аюулгүй, эрсдэлгүй орчинд сурч боловсрох орчинг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангар: Энэ төсөл цагаа олсон үед хэрэгжиж эхлэх гэж байна. Бид аймаг орон нутгийн хөгжлийн хандлагыг тодорхойлохдоо төсвөө үр ашигтай зарцуулж, дээр нь төсөл, гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн шинэ хөшүүргүүдийг ашиглаж нутаг орноо хөгжүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа. Боловсролын салбарын энэ жилийн эхний төслийн нээлт өнөөдөр болж байна. Хүүхдийн боловсрол, хамгаалал бол хүн бүрийн үүрэг. Бүгдээрээ хамтдаа энэ төслийг амжилттай хэрэгжүүлье.
Баян-Өлгий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Х.Бауыржан: Баян-Өлгий бол онцлогтой аймаг. Төвөөс алс оршдог, олон үндэстэн ястан амьдардаг. Нийт хүн амын тоотой харьцуулахад хүүхдийн тоогоор Улаанбаатарын дараа ордог. Хүүхдийг Ивээх Сангийн төсөл хүүхэд хамгааллын хөгжлийн чиглэлээр дагнасан, бүх хүүхдийг хамарч байгаад олзуурхаж байна. Бид тиймээс нэлээд ач холбогдол өгч байгаа. Манай байгууллагын зүгээс бүх талаар дэмжин, хамтран ажиллана.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын Хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа төслийн талаар оролцогчдод танилцуулж, тэдний асуултад хариулт өглөө.
Хүүхдийг Ивээх Сан Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг 2026-2028 онд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд, боловсролын болон хамгааллын салбарын мэргэжилтнүүд байна.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл нь Хүүхдийг Ивээх Сангийн боловсруулсан хүүхэд хамгааллын арга зүй, хөтөлбөрүүдийг холбогдох яамд агентлагуудаар баталгаажуулан түгээн дэлгэрүүлснээр боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын механизмын тогтвортой байдлыг хангаж, бэхжүүлэх зорилготой юм.
2026 оны байдлаар Баян-Өлгий аймаг 118,245 хүн амтай бөгөөд 18 хүртэл насны 44,321 хүүхэдтэй юм. Өнөөдөр ерөнхий боловсролын 41 сургууль, сургуулийн өмнөх боловсрол олгох 55 цэцэрлэг ажиллаж байна.

Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сангийн Баян-Өлгий аймагт 1998-2000 онд хэрэгжүүлсэн олон нийтэд түшиглэсэн төслүүд нь олон хүүхэдтэй, өрхийн орлого багатай өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих, тэдний хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Мөн 2002 – 2008 онд олон нийтийн оролцоонд суурилсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх төвийг Баян-Өлгий аймагт байгуулж байсан юм. Түүнчлэн 2000-2004 онд Баян-Өлгий аймагт гэр цэцэрлэгүүд байгуулсан билээ. Мөн 2018 онд Баян-Өлгий аймагт үерт өртсөн гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн болон боловсролын дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Үүнээс гадна 2018-2019 онд Баян-Өлгий аймагт өвөлжилтийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрт тусламж хүргэх төсөл хэрэгжүүлсэн юм.

