Монгол Улсын аварга С.Мөнхбат “Хүүхэд бүрт мөрөөдөл бий болгох” нь сэдвээр лекц хийлээ
Монгол Улсын аварга С.Мөнхбат Хүүхдийг Ивээх Санд зочилж, ажилтнуудтай уулзлаа. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай байгууллагынхаа үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар ярилцав. Аварга С.Мөнхбат энэ үеэр “Хүүхэд бүрт мөрөөдөл бий болгох” нь сэдвээр Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудад яриа хийж, үзэл бодлоо хуваалцав. Мөн өөрийн бичсэн “Эзэн байя” ном болон үүсгэн байгуулсан “Бор аварга” сангийнхаа талаар танилцуулж, ажилтнуудын асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Түүний хувьд Монгол эр хүний үнэ цэнийг бий болгох, хүүхэд бүрийгмөрөөдөл, зорилготой болгохыг хүсэж, орон нутгаар явж, өөрийн үзлээ түгээн дэлгэрүүлж, олон аймаг, сумын иргэд, хүүхэд, залууст лекц уншиж байгаа аж.

Аварга С.Мөнхбатын “Эзэн байя” ном нь гурван бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт аваргын бага насны дурсамж, удаах бүлэгт аварга цол хүртсэн тамирчны замнал, гуравдугаар бүлэгт түүний үзэл санаа, үүсгэн байгуулсан “Бор аварга” сангийн зорилго тэмүүллийн тухай өргөн сэдвүүдийг багтаажээ. “Бор аварга” сан нь Монгол түмний өв соёлыг дэмжин дэлгэрүүлэх, үүх түүх, зан заншилыг түгээн өвлүүлэх, эх байгалиа хайрлан хамгаалах, ард иргэдийнхээ сэтгэл зүрхэнд эх орон, гэр бүл, өв соёлын үнэ цэнийг бат суулгахыг зорилгоо болгон ажилладаг байна.


