Налайх дүүргийн эко клубийн сурагчдын туршлага солилцох уулзалт боллоо

Өнөөдөр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 5 сургууль болон Политехникийн коллежийн эко клубийн сурагчид харилцан туршлага солилцох, цаашид хийх ажлаа дүгнэх уулзалт боллоо. Энэхүү уулзалтад Налайх дүүргийн ерөнхий боловсролын Голомт, Эрдмийн Оргил, 103, 109, 119 дүгээр сургууль болон Политехникийн коллежийн эко клубийн багш, сурагчид, Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л. Баян-Алтай, “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн багийнхан болон Налайх дүүргийн Боловсролын газрын дарга Б. Энх-Учрал нар оролцлоо.

Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч, хөтөлбөрийн менежер Л. Баян-Алтай нээлтийн үеэр “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд хэрэгжүүлдэг сургалт, үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог сурагчдад талархал илэрхийллээ. Мөн тэрээр: “Дэлхий нийтийн өмнө тулгарч буй нэг том асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Манай улсад ч цөлжилтөөс эхлээд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө мэдрэгдэж, энэ нь эргээд байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг багасгахын тулд өөрсдөө оролцож, мод тарьж, олон олон ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна” хэмээгээд сурагчдад баяр хүргэж, амжилт хүссэн юм. Мөн экологийн боловсролыг түгээх үйлсэд сурагчид, сургуулиа идэвхжүүлж хамтран оролцож буй Налайх дүүргийн Боловсролын газар болон сургуулиудын удирдлага, багш нарт талархал илэрхийллээ.

Налайх дүүргийн Боловсролын газрын дарга Б. Энх-Учрал:  “Энэ орчлон дээр зөвхөн хүмүүс амьдардаггүй гэдгийг ойлгож, хамтдаа урагшлахаар манлайлж байгаа хүүхдүүдээрээ бахархаж байна. Та бүхэн бол одоо хийж хэрэгжүүлж байгаа, мэддэг чаддаг бүхнээ цаашид дүүрэгтээ түгээн дэлгэрүүлэх, дүүргийн түвшинд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгээ бодох үүрэг хариуцлагатай хүмүүс шүү. Та бүхний экологийн боловсрол түгээх ажилд нь амжилт хүсье” хэмээсэн юм.

Уулзалтын үеэр эко клубийн сурагчид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах зорилгоор хийсэн ажлаа тайлагнаж, харилцан туршлага судалж, цаашид хийх ажлаа төлөвлөлөө. Сурагчдын хувьд, байгальдаа ээлтэй амьдрах хэв маягийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж, мод тарих, хог ангилах талаар сурагчдад мэдээлэл түгээх, өөрсдөө цэцгийн үр авч үрслүүлээд цэцэг тарих аян, сургууль, ангиудаа цэцэгжүүлэх, хэрэглэдэггүй зүйлс, хуучин ном солилцох аян зохион байгуулах зэрэг олон шинэ санааг дэвшүүллээ.

“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн хүрээнд, хамтран ажилладаг сургууль тус бүрт бичил төслүүдийг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байгаа талаар эко клубийн багш нар танилцуулж, Хүүхдийг Ивээх Сангийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Мөн энэ өдөр Хүүхдийг Ивээх Сангийн суурин төлөөлөгч Л. Баян-Алтай уур амьсгал ба хүүхдийн эрхийн тухай 5-7 дугаар ангийн сурагчдад зориулсан  “Хүүхдүүдийн бүтээх уур амьсгалын ертөнц” гарын авлагыг 5 сургуулийн эко клубийн багш, сурагчдад гардуулан өгсөн юм. КОICA-NGO-тай хамтын ажиллагааны хүрээнд бүтээсэн энэхүү гарын авлагыг танилцуулах сургалтыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 3 удаа амжилттай зохион байгуулсан. Сурагчид сургалтын төгсгөлд ирээдүйгээ төсөөлж, “Бид өнөөдөр үйлдэл хийж, байгалиа хамгаалж мод тарихгүй бол ирээдүйд агаар орчин маань маш их утаа, бохирдолтой болж байнга амны хаалттай амьдарна. Бид ирээдүйд агаарыг худалдаж авдаг болж магадгүй. Ирээдүйд хашаандаа модтой айл хамгийн баян айл болно”  гэхчлэн ярьж, өнөөдрөөс үйлдэл хийх ёстойг ойлгосноо илэрхийлсэн.