“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлт боллоо

Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 2026 оны 1 дүгээр сараас Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн нийт 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцаж, хөгжих боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлт 2026 оны 3 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод боллоо. Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл амжилттай хэрэгжиж, дараагийн үе шатыг эхлэх боломж бүрдсэн. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамтрагчдадаа баярласнаа илэрхийлье. Өмнөх төсөл Улаанбаатар хот болон Говь-Алтай, Ховд аймагт хэрэгжсэн бол энэ удаа Баян-Өлгий аймаг нэмэгдсэн” хэмээн хэллээ.

 

Уг төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, дүүрэг, сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран хэрэгжүүлэх юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо нээлтэд уригдаж үг хэллээ. Тэрээр “Бидний хувьд энэ төслөөс хүлээж байгаа үр дүнгүүдийг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх, сайн туршлагыг бусад аймаг, дүүргүүд, ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэхэд төслийн үр дүн гарна гэж найдаж байна. Төслийн үйл ажиллагаанд амжилт хүсье” гэж дурдав.

 

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал үг хэллээ.Тэрээр “Энэ төсөл шинээр эхэлж байгаа гэхээс илүүтэй өмнөх төслийн үр дүнгийн өгөөж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилго агуулж байгаа. Өмнөх ажлынхаа үр дүнг бататган бэхжүүлж, түгээн дэлгэрүүлэх нь чухал. Аливаа бодлого, ажлын залгамж чанар чухал бөгөөд түүнээс үр дүн шууд хамаардаг. Тиймээс төслийн хамт олонд тусгайлан талархлаа илэрхийлж байна” гэж онцлов.

Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн үр шим хүртэгчид нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, хамтарсан багийн гишүүд, боловсролын болон хамгааллын салбарын мэргэжилтнүүд байна.

 

Нээлтийн үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгаалал хөтөлбөр, төслийн зохицуулагч Б.Цэрэнханд “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслөө, Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд талуудын оролцооны талаар тус тус танилцуулав.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар үг хэллээ.

Төсөл нь олон зорилт дэвшүүлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь хүүхдийн эрхийн зөрчил түүн дотроо үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг сурагчдад эзэмшүүлэх юм.

“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлтэд Боловсролын яам, Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Нийслэлийн ерөнхий боловсролын зорилтот сургуулиуд, хороодын төлөөллүүд зэрэг 60 гаруй хүн оролцлоо.