“Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэх 3-р шатны гэрээнд гарын үсэг зурлаа
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол 2026 оны 3 дугаар сарын 24-нд Япон Улсын Элчин сайдын яаманд боллоо. Тус гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёода нар гарын үсэг зурав.

Ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү “Энэ удаа батлагдаж буй төсөл нь өмнөх жилүүдийн үйл ажиллагааны үргэлжлэл хэлбэрээр хэрэгжинэ. Орон нутагт хөгжлийн дэмжлэг үзүүлж буй гол байгууллагууд болох өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Японы Хүүхдийг Ивээх Санд нийт 664,555 ам.долларын санхүүжилт олгох юм. Энэ төсөл цаашид тогтвортой үргэлжлэн өргөжин хөгжих боломжтой байдлаар хэрэгжинэ гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн үгэндээ дурдав.

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол дахь хөтөлбөрийн захирал Мицүаки Тоёода “Бид төслийн сүүлийн жилд ололт амжилтдаа тулгуурлан туршлагаа хуваалцах, хамтран ажиллах байгууллагын хүрээг өргөжүүлэх, мөн бодит үр дүн гаргаж ажиллах чадавхыг улам бэхжүүлэхээр зорьж байна. Засгийн газрын түншүүдтэйгээ сайн туршлагаа тогтвортой хэрэгжүүлж, цаашид түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ингэснээр хүүхэд бүр, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд хамгийн чухал үе буюу эрт үедээ зохистой дэмжлэг авах нөхцөл бүрдэх юм” хэмээн хэллээ.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин сайдын яамны ажилтнууд, Хүүхдийг Ивээх Сан, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллүүд тус тус оролцлоо. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв үг хэлэв.

Гарын үсэг зурах ёслолын үеэр дээрх төслийн хүрээнд гаргасан сургалтын гарын авлага, тайлан, нөлөөллийн ажлын зориулалтаар гаргасан мэдээллийн хуудас зэрэг хэвлэмэл материалуудыг дэлгэн үзүүлсэн юм.

