Хүүхдийг Ивээх Сан, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Хүүхдийг Ивээх Сан, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөөгч Л.Баян-Алтай, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар 2026 оны 3 дугаар сарын 20-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд Баянхонгор аймгийн 14-25 насны хүүхэд залуучууд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төслийг хамтран хэрэгжүүлэх, Баянхонгор аймгийн сум, багт ажиллаж буй хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр дэмжих, чадавхжуулах сургалт зохион байгуулах, ажлын байранд нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оролцоо, санаачилгыг дэмжих, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамруулж, чадавхжуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах юм.

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Баянхонгор аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм.
Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажиллаж байна.

