Шинжлэх ухааныг амьдралд ойртуулсан багш

Япон, Индонез, Турк зэрэг улсуудтай харьцуулахад Монголд газар хөдлөлт түгээмэл тохиолддоггүй. Тийм учраас Монголчууд газар хөдлөлтийг тэр бүр бодитоор төсөөлдөггүй, бидэнд хамааралгүй гэж ойлгож ирсэн. Гэхдээ нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагчдын хувьд энэ ойлголт өөрчлөгджээ. Учир нь тус сургуулийн сурагчид VR төхөөрөмж ашиглан газар хөдлөлт хэрхэн үүсэж, тохиолддогийг нүдээр харж, “мэдэрч” ойлгож байна.

“Би газар хөдлөлт ингэж болдог гэж төсөөлөөгүй” гэж зургадугаар ангийн сурагч М. Төгөлдөр хэллээ. Түүний хувьд энэ нь зүгээр нэг хичээл бус, шинжлэх ухааныг сонирхож эхэлсэн мөч байлаа.

 

Энэ ангид сурагчид зөвхөн онол үзэж цээжилдэггүй. Харин салхины хурдыг хэмжиж, ангийнхаа температурыг шалгаж, хөрсний зүсэлт хийж,  VR төхөөрөмжөөр дэлхийг нарийвчлан харж, сарны гадаргыг дурангаар ажиглан судалдаг.  Мөн төрөл бүрийн туршилтын багаж, макетууд нь сурагчдад байгаль, дэлхийн үзэгдэл юмсыг өөрөө биечлэн судлах боломж бүрдүүлжээ. Тиймээс сурагчид байгалийн ухааны хичээлүүддээ идэвхтэй оролцож, хоорондоо ярилцаж, хамтдаа олон төрлийн туршилт хийдэг. Энэхүү ангийн тааз нь одон орны зурагтай, хөшиг нь мэдлэг, мэдээлэл, хими, физикийн томьёотой.

Гэхдээ сургууль бүрд ийм анги, үүн шиг боломж байдаггүй. Энэ анги өөрөө бий болоогүй. Тус сургуулийн багш Д. Нэргүй байгалийн ухааныг хүүхдүүдэд ойлгуулж заах сургалтын цогц орчныг бүрдүүлэхийг зорьж, энэхүү зорилгынхоо төлөө 2018 оноос эхлэн тасралтгүй төсөл бичиж, Хүүхдийг Ивээх Сан зэрэг найман байгууллагаас нийт 60 сая төгрөгийн санхүүжилт авч, энэхүү кабинетыг бүрдүүлсэн байна.

“Манай энэ анги шиг иж бүрэн кабинет дүүрэгт төдийгүй манай улсад ховор байх аа” гэж тэрээр ярьсан юм.

     

Өнөөдөр сурагч бүр ширээн дээрээ газрын зураг, глобустай, туршилтын багаж хэрэгсэл нь хүртээмжтэй болсон байна. Харин энэхүү санаачилгыг илүү олон хүүхдэд хүргэж, сургалтын орчныг баяжуулахад Хүүхдийг ивээх сангийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус байгууллагын дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 23 төрлийн 88 ширхэг сургалтын багаж, хэрэглэгдэхүүн авснаар энэхүү танхим илүү хүртээмжтэй болж, сурагчдад шинжлэх ухааныг судлах боломж улам нэмэгджээ.

Д. Нэргүй багшийн шавь нараас ирээдүйн инженер, судлаач, байгаль орчны мэргэжилтнүүд төрөх биз ээ. Гэхдээ хамгийн чухал нь энд суралцаж буй сурагчид шинжлэх ухааныг сонирхож, ойлгож эхэлж байна.