Энтрепренер шаркуудын дэмжлэг сурагчдад бичил төслүүдээ хэрэгжүүлэх боломж олгож байна

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар болон  Хүүхдийг Ивээх Сан “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь”  төслийн аргазүйг түгээж нутагшуулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ санамж бичгийн хүрээнд сумын хэмжээний Пич арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. 2025 оны 12 сард сум бүрт төслийн аргазүйг түгээж нутагшуулах ажлыг хариуцан ажиллахаар Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөлүүд байгуулагдсан юм. Энэхүү зөвлөл нь сумын хэмжээний пич арга хэмжээ зохион байгуулах ажлыг хариуцаж байна.

   

Тус зөвлөлийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч болон Засаг даргын Тамгын газрын дарга нар ахалж байгаа бөгөөд гишүүдээр Ерөнхий боловсролын сургуулийн захирал, Насан туршийн суралцахуйн  нэгжийн багш, багийн засаг дарга нар, ESEL хөтөлбөрийн сургагч багш нар сонгогдон ажиллаж байна. Бат-Өлзий, Баянгол сумдын Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих зөвлөлүүд сумын хэмжээний пич арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна. Бат-Өлзий сумын пич арга хэмжээ 2026 оны 2 дугаар сарын 9-нд зохион байгуулагдсан бөгөөд нийт 8 баг бичил санхүүжилт горилсон төслүүдээ танилцуулснаас 7 төсөл нь дэмжигдээд байна. Мөн Бат-Өлзий сумын зөвлөл Энтрепренер шаркууд олох аянаа идэвхтэй өрнүүлж, сумын удирдлагуудаас 10,000,000 төгрөг, бизнес эрхлэгчдээс 6,000,000 төгрөгийн санхүүжилт авч бичил санхүүжилтүүдээ олгож эхлээд байна.

 

Баянгол сумын пич арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 24-нд зохион байгуулагдаж, нийт 3 төслийн баг бүтээлч санаагаа танилцуулсан бөгөөд сумын удирдлагууд болон бизнес эрхлэгчдээс 2,500,000 төгрөгийн санхүүжилт авч, 3 төслийн багт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 6 сургуулиас Арвайхээр 5-р сургууль, Мэргэд сургууль, Тэмүүлэл-Эрдэм сургуулиуд урьдчилсан пич арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчид, эцэг эхчүүд, сургуулийн удирдлагын зүгээс бичил санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд явж байна. “Энтрепренер шаркуудаа эрэлхийлье”  аянг аймгийн хэмжээндээ өрнүүлээд байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 29,360,000 төгрөгийн санхүүжилт босгоод байна.