Ховд аймагт ESEL хөтөлбөр амжилттай үргэлжлэн хэрэгжиж байна
Ховд аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар хөгжүүлэх” (ESEL) хөтөлбөр амжилттай үргэлжилж, орон нутгийн хүүхэд, залуучуудын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлсэн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төсөл” 2020-2025 онд Ховд аймгийн 6 суманд амжилттай хэрэгжсэн юм. Тус төслийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар 2025 оны 11 дүгээр сарын 04-нд гарын үсэг зурсан билээ.
ESEL хөтөлбөр нь хөдөө орон нутгийн нөхцөлд тохирсон, практикт суурилсан сургалтын арга зүйгээрээ онцлог бөгөөд хүүхэд, залуучуудад нийгэм-сэтгэлзүйн болон энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг ба зөвхөн мэдлэг эзэмшүүлэхээс гадна амьдралд хэрэгцээтэй ур чадваруудыг хөгжүүлж, ирээдүйн энтрепренер, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. Хөтөбөрийн хүрээнд суралцагч нар өөрийн санаагаа бизнесийн төсөл болгон хөгжүүлэх, хэрэгжүүлэх боломжийг олгодог.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулиудад нийт 22 анги нээгдэж, 462 суралцагч хамрагдан суралцаж байна. Суралцагчид багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, санхүүгийн боловсрол, энтрепренер, өсөлтийн сэтгэлгээ зэрэг амьдралд хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар, сэтгэлгээгээ хөгжүүлж, өөрсдийн санаачилгаар жижиг бизнесийн санаа боловсруулан хэрэгжүүлэх туршлага хуримтлуулж байна.
Хөтөлбөрийн үр дүнгийн талаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төслийн аймгийн зөвлөлийн дарга Х.Баасанхүү “ESEL хөтөлбөр нь Ховд аймагт амжилттай хэрэгжиж буй үр дүнтэй санаачилгуудын нэг юм. Цаашид уг хөтөлбөрийг өргөжүүлж, бүх сумдын сургуулиудыг хамруулан хүүхэд, залуучуудын хөгжилд чиглүүлэх нь тэдний ирээдүйд хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт гэж үзэж байна” хэмээн онцоллоо.
Мөн Аймгийн Боловсролын газрын дарга Ц.Алтантунгалаг “Манай байгууллага ESEL хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, салбар дундын уялдаа холбоог ханган ажиллахыг чухалчилж ажиллаж байна” хэмээн хэлэв.

ESEL хөтөлбөрийн хүрээнд зөвхөн суралцагчид төдийгүй багш нарыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Ховд аймгийн нийт 25 ЕБС-ийн 59 багш, НТСТ-ийн 17 багш нарт хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш, зөвлөхүүдэд зориулсан сургалт зохион байгуулж, орчин үеийн сургалтын арга зүй, хосолсон (blended) сургалтын арга барил, дижитал сургалтын хэрэгсэл ашиглах чадварыг эзэмшүүлж байна. Эдгээр сургалтын үр дүнд багш нар суралцагчдын онцлогт тохирсон, идэвхтэй оролцоонд суурилсан сургалтыг зохион байгуулах, суралцах үйл явцыг үр дүнтэй удирдах, хүүхдүүдийг урамшуулах шинэ арга барилд суралцаж, өөрсдийн мэргэжлийн ур чадвараа ахиулж байгаа аж.

Ийнхүү багш, сургагчдын мэдлэг, ур чадвар, сэтгэлгээг хөгжүүлж ESEL хөтөлбөрийг тогтвортой, чанартай хэрэгжүүлж, орон нутгийн боловсролын тогтолцоонд эерэг өөрчлөлт авчирчирахад хувь нэмрээ оруулж байна. Цаашид тус хөтөлбөрийг Ховд аймгийн хэмжээнд илүү өргөжүүлэн хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас гадна насан туршийн суралцахуйн төвийн хүүхэд, залуучуудыг хамруулж хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

