“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгчдийг бэлтгэлээ

Хүүхдийг Ивээх Сан “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийтээрээ үл тэвчих мэдлэг, хандлага, дадал бий болгох зорилготой хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөр нь эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын хүүхдийг хүчирхийллийн бус, эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, хандлага, зан үйлд нөлөөлөх эерэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд халахад хувь нэмэр оруулдаг. “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөр нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл ялангуяа бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, түүнтэй үр дүнтэй тэмцэх суурь арга зүй юм.

 

Хүүхдийг Ивээх Сан  уг хөтөлбөрийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна.

“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгч бэлтгэх сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран 2026 оны 4 дүгээр сарын 14-17-нд Хүүхдийн сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор төвд явууллаа.

Уг сургалтыг хөтөлбөрийн үндэсний сургагч багш: Л.Бадамцэцэг, Э.Дуламсүрэн нар удирдан явуулсан бөгөөд хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн ажилтнууд багш нар, Хамтарсан багийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, мэргэжилтнүүд нийт 30 хүн оролцож, чиглүүлэгч болсон юм.

Сургалт хүмүүжлийн эерэг аргын үндэс, хөтөлбөрийн бүтэц, сургалт явуулахад бэлтгэх, асуудлыг хүмүүжлийн эерэг аргаар шийдвэрлэж, хариу үйлдэл үзүүлэх, дадлагажих үйл явцын төлөвлөлт зэрэг найман үндсэн хэсэг болон үе шатуудаар явагджээ.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай чиглүүлэгчдэд гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ. Тэрээр энэ үеэр “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга сургалтыг Хүүхдийг Ивээх Сан Монгол улсад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд эрчимжүүлж байна. Энэхүү сургалтын агуулга нь хүүхдийг зодож шийтгэхгүй байх, зодож шийтгэхийн сөрөг нөлөө болон тэднийг хүмүүжүүлэхдээ эерэг аргыг хэрэглэхийн давуу талуудыг оролцогчдод шинжлэх ухаан дээр үндэслэн ойлгуулдаг. Өнөөдар ийм хөтөлбөр цаг үеэ олсон, олон мянган аав ээжд зайлшгүй хүргэх ёстой агуулга юм. Энэ удаагийн сургалтыг төгссөн чиглүүлэгчид цаашид олон зуун эцэг эхчүүд, хүүхдүүд, сурган хүмүүжүүлэгч нарт сурсан мэдсэн зүйлээ хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хүүхдийг Ивээх Сангийн хувьд нэг хүүхэд ч гэсэн бие махбодийн шийтгэлгүй, эерэг дулаан орчинд өсч хөгжих боломжийг бий болгохын төлөө ажилладаг. Цаашид ч Хүмүүжийн эерэг арга сургалтыг төр, Засгийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх талаар ажиллах болно” хэмээн хэллээ.

Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Насан туршийн суралцахуйн төвийн багш нар, аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 52 хүнийг 2025 оны 10 дугаар сард “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгчээр сургаж бэлтгэсэн юм.