“Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөррийн чиглүүлэгчдийг бэлтгэх сургалт боллоо

Хүүхдийг Ивээх Сан “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийг хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийтээрээ үл тэвчих мэдлэг, хандлага, дадал бий болгох зорилготой хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөр нь эцэг эх, асран хамгаалагчид, багш нарын хүүхдийг хүчирхийллийн бус, эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, хандлага, зан үйлд нөлөөлөх эерэг арга зүйг түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдийн эсрэг бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд халахад хувь нэмэр оруулдаг. “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөр нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл ялангуяа бие махбодын болон сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, түүнтэй үр дүнтэй тэмцэх суурь арга зүй юм.

Хүүхдийг Ивээх Сан Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сэдэвт эцэг эхийн чиглүүлэгч бэлтгэх сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 21-24-нд амжилттай зохион байгуулав.

Тус сургалтад Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн сэтгэл зүйчид, холбогдох чиглэлийн мэргэжилтнүүд, түр хамгаалах байр болон хороодын нийгмийн ажилтнууд зэрэг нийт 26 ажилтан, албан хаагч хамрагдсан байна.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян Алтай сургалтад хамрагдсан хүмүүст гэрчилгээ гардуулж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтын үндэсний сургагч багш Э.Оюунмаа, Г.Цолмон нар чиглүүлэн ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчидтай өдөр тутамд хэрэглэх боломжтой хүүхдийн эрхэд суурилсан эерэг хүмүүжлийн арга барилын талаарх мэдлэг, ур чадварыг оролцогчдод олгосон юм.

Чиглүүлэгч болсон Сүхбаатар дүүргийн 2-р хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Н.Наранцэцэг “Хүүхдийн сэтгэл зүй, нийгмийн талаас, хүүхдийн насны онцлог, тархины үйл ажиллагаа онцлогийг хэрхэн танин мэдэж, хүүхэдтэйгээ яаж харилцах ёстой вэ гэдгийг “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” сэдэвт эцэг эхийн чиглүүлэгч бэлтгэх сургалтаас маш сайн ойлгож авлаа. Сургалтаар эдгээр ойлголтыг маш энгийн болгож зааж байгаа нь таалагдлаа” хэмээн ярилаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 3-р хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Н.Одбаяр “Хүүхэдтэй харицах арга зүйг маш нарийн бөгөөд тодорхой зааж өгч байна. Олон улсын хөтөлбөр Монгол Улсад амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцав.

Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймгийн 18 сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнууд, Насан туршийн суралцахуйн төвийн багш нар, аймгийн Боловсролын газар, Насан туршийн суралцахуйн төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 52 хүнийг 2025 оны 10 дугаар сард “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгчээр сургаж бэлтгэсэн юм. Мөн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 14-17-нд хүүхдийн халамж, асрамжийн төвүүдийн ажилтнууд багш нар, Хамтарсан багийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, мэргэжилтнүүд нийт 30 хүнийг “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөрийн чиглүүлэгчээр бэлтгэжээ.