“Сайн эцэг эх – Өөрийгөө халамжлах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдрийг тохиолдуулан Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн гишүүд болон харьяа байгууллагын хүний нөөцийн ажилтнууд “Сайн эцэг эх- Өөрийгөө халамжлах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа. Хүүхдийг Ивээх Сан Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран 2026 оны 4 дүгээр сарын 30-нд зохион байгуулсан энэхүү сургалт нь эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэлзүйн эрүүл мэнд, өөрийгөө халамжлах дадал хэвшил, хүчирхийлэлгүй харилцаа, стрессийн зөв удирдах, хүүхэдтэй эерэг аргаар харилцах мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх зорилготой байв.

Сургалтын үеэр:
- Хүүхэдтэй зүй бус харилцах, шийтгэлийн хүүхдийн хөгжил, сэтгэл зүй, тархинд үзүүлэх сөрөг нөлөө
- Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, аюулгүй, халамжтай орчны ач холбогдол
- Стресс гэж юу болох, бие махбод, сэтгэлзүйн түвшинд хэрхэн нөлөөлдөг
- Өөрийгөө тайвшруулах, сэтгэл хөдлөлөө удирдах энгийн, практик аргууд
- Эцэг эх өөрийгөө халамжилж чадсанаар хүүхдээ хамгаалж, дэмжиж буй нэг хэлбэр болох талаар шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилсан мэдээлэл, дасгал, хэлэлцүүлгийг багтаасан юм.
Оролцогчид амьдрал, ажлын ачаалал, стрессийг зөв удирдах, өөртөө болон гэр бүлдээ анхаарал тавих, хүүхэдтэйгээ хүндлэлтэй, эерэг харилцааг бий болгох ур чадварыг эзэмшсэнээрээ сургалтын ач холбогдлыг онцоллоо.

Энэхүү сургалт нь байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг дэмжих, гэр бүлд ээлтэй бодлого, соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Цаашид тус яам болон харьяа байгууллагуудын ажилтан албан хаагчдын хүүхэд хамгааллын талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулахаар болов.

