Сургуулийн орчинг аюулгүй болгох шинэ давалгаа эхэллээ

Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөлд ерөнхий боловсролын 18 сургууль, 18 хамтарсан баг сонгогдсон бөгөөд хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод 2026 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

   

Сургалтад Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн боловсролын газар болон харъяа байгууллагуудын хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөгжил төлөвшил хариуцсан шинжээч, мэргэжилтнүүд, сонгогдсон ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш болон, хорооны хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан зэрэг 50 хүн хамрагдлаа.

 

Хүүхдийг Ивээх Сангийн “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн Зохицуулагч Б.Цэрэнханд “Оролцогчид сургалтдаа идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа сайжруулан, үндэсний сургагч багш боллоо. Сургагч багш нар маань өөр өөрийн салбарт түгээн дэлгэрүүлэх сургалтаа үе шаттайгаар зохион байгуулна” гэж хэллээ.

Эдгээр оролцогчид сургалтаар хүүхдийн эрх, хамгааллын талаарх суурь мэдлэг, ойлголтоо бататгаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэх, хүлээн авах, хариу арга хэмжээ үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээг хэрэгжүүлэх практик арга зүй, ур чадвар эзэмшиж түгээн дэлгэрүүлэх сургагч багшаар бэлтгэгдсэн байна.

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Х.Ган-Очир “Эхний өдрийн сургалтаас үзэхэд багшийн ёс зүйн дүрмийг зөвхөн танилцуулаад зогсохгүй, амьдрал дээр бодитой хэрэгжүүлж, багш сургуулийн орчны ажилчдыг хүүхэдтэй зүй бус харилцахаас (үг хэлээр доромжлох, биед нь хүрэх гэх мэт) урьдчилан сэргийлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд хүүхэдтэй илүү ойр ажилладаг багш нарыг сэтгэл зүйн хувьд бэлтгэж, хүүхэдтэй эерэг аргаар харилцах чадварт сургах нь чухал бөгөөд ингэснээр багш өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж, шаардлагыг зөвөөр тавьж сурах юм. Үүний зэрэгцээ хүүхдийн хүмүүжил, хамгааллыг зөвхөн сургуулийн үүрэг мэтээр хардаг эцэг эхчүүдийн хандлагыг өөрчилж, тэдний оролцоог идэвхжүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх мэдлэг олгох замаар сургууль гэр бүлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэдгийг ойлголоо” хэмээн ярилаа.

Дашрамд өгүүлэхэд, “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сургалтыг Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймагт 2026 оны 04 дүгээр сарын 14-16-нд зохион байгуулсан бөгөөд аймгуудын зорилтот 13 ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургалтын менежер, аймгийн Хамтарсан багийн нарийн бичиг, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд, Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал тэгш хамран сургалт хариуцсан ахлах арга зүйч мэргэжилтэн болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтнүүд хамрагдсан юм. Үндэсний хэмжээнд нийт 140 сургагч багш бэлтгэгдлээ.