“Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” практик сургалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм. Мөн амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлнэ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн “Ээлтэй”, “Анан”, Чингэлтэй дүүргийн “Энэрэнгүй үйлст”, ”Мэнд арвижих”, Баянзүрх дүүргийн “Ачлахуй”, ”Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт “Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” сэдэвтэй ажлын байран дээрх практик сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 29-30, 5 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Төслийн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийг хариуцсан ажилтан Н.Болормаа “Төслийн хяналт үнэлгээний явцад зорилтот өрхийн эрүүл мэндийн төвийн ихэнх эмч, ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэ практик сургалтыг зохион байгуулж байгаа юм” хэмээн өгүүллээ
Сургалтыг удирдан явуулсан “Зинт” клиникийн Ерөнхий эмч О.Тунгалаг “Хүүхдийн 9, 18, 36 сартайн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг хэрхэн хийх талаарх ажлын байрны сургалт нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хүүхдийн эрхтэн тогтолцооны эмгэгүүд, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үзлэгийг илүү оновчтой хийх, хөгжлийг үнэлэх, хоцрогдлыг эрт илрүүлэхэд туслах зорилготой” хэмээн ярилаа.

“Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” сургалтыг 5 дугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн “Ачлахуй” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нарт явуулсан юм. Тус эрүүл мэндийн төв 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10 эмч, 6 сувилагч, нэг эх баригч бага эмч, ажилтнууд зэрэг 22 хүнтэй үйл ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн 8-р хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
“Ачлахуй” Өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч А.Бүжинлхам “Онол, дадлага хосолсон үр дүнтэй сургалт байлаа. Багш, оролцогчид харилцан ярилцаж, бодит кейс, хэрэглэгдэхүүн дээр тайлбарлаж ярилцсан” гэж сэтгэгдлээ хуваалцав.
“Нялх, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь” практик сургалтыг 2026 оны 5 дугаар сард Баянхонгор, Сэлэнгэ аймагт явуулахаар төлөвлөөд байна.

