Ханбогд суманд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Хүүхдийг Ивээх Сан Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Би найзаа дэмжинэ” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сангийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Халиун нар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд 2026 оны 5 дугаар сарын 14-нд гарын үсэг зурлаа. Хоёр байгууллагын хувьд анх удаа эцэг, асран хамгаалагч, хүүхдүүд, боловсрол, нийгмийн салбарын ажилтнуудад зориулсан хүүхэд хамгааллын төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов.
Энэхүү хөтөлбөрөөр сургуулиудад үе тэнгийн дэмжлэгт суурилсан хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг эрт илрүүлэх, зохих дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх, эерэг, аюулгүй орчинг бүрдүүлж сургууль, хамтарсан багийн оролцоонд суурилсан хүүхэд хамгаалын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Хөтөлбөр 2026 оны 6 дугаар сараас 2026 оны 11 дүгээр сарын 30 хүртэл хэрэгжинэ.

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай энэ үеэр “Уул уурхайн салбар өндөр хөгжиж буй Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой бүс нутаг юм. Энэ аймагт нэг хүнд ногдох ДНБ улсын дундажаас гурав дахин их байна. Гэвч уул уурхайн салбарын хөгжил, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй нийгмийн асуудал их гарч байгаа. Хүүхдийг Ивээх Сан Ханбогд суманд “Би найзаа дэмжинэ”хэмээх хүүхэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих төсөл эхэлж буйдаа баяртай байна. Уул уурхай ихтэй бүс нутагт уул уурхайд ажилладаг олон зуун гэр бүл байдаг. Тэдний хувьд ар гэр, хүүхэддээ хангалттай цаг зав гаргаж чаддаггүй болохоор энэ нь хүүхдийн хүмүүжил, сэтгэл зүйд нөлөөлж байгаа. Хүүхдийг Ивээх Сан цаашид хүүхэд хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, сайн эцэг эх зэрэг хөтөлбөрүүдээ тус аймагт хэрэгжүүлэхээр удирдлагууда, холбогдох байгууллагатай ярилцаж байгаа” хэмээн ярилаа.

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөр нь хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бэхжүүлэхийг зорьж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд “Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн хамгааллыг дэмжих нь”, “Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх нь”, “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь 1,2”, “Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”, “Нийгэмшүүлэх цирк”, “Хүүхэд ба дуран”, “Хот айл”, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, “Хүүхэд” төв, Хүүхэд хамгааллын арга зүйн төвийг байгуулан ажиллаж байна. Мөн Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн урт хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлж буй “Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг арга” хөтөлбөр нь хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг бүх орчинд халах зорилготой юм. Хөтөлбөр нь эцэг эх, асранхамгаалагчдад хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх мэдлэг, ур чадвар олгож, хүчирхийллийг таслан зогсоох үр дүнтэй арга зүйг түгээн дэлгэрүүлдэг. Ингэснээр хүүхдэд аюулгүй, халамжтай гэр бүлийн орчин бүрдүүлэх, эерэг харилцааг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан нь оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, тогтвортой түншлэлийн үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг амьдрахад таатай, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгон хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа аж.

