Ховд аймагт Бичил төслийн уралдаан зохион байгуулагдлаа
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Хүүхдийг Ивээх Сан “Өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох нь” төсөл буюу ESEL хөтөлбөрийн аргазүйг түгээж нутагшуулах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Ховд аймгийн 16 сумын 22 анги ESEL хөтөлбөрийг хэрэгжүүлж, 8-12-р ангийн 442 сурагчид амжилттай төгсөөд байна. Эдгээр төгссөн сурагчдад сургалтаас олж авсан мэдлэг чадвараа бодитоор турших боломж олгох сумын хэмжээний Бичил төслийн уралдаан Пич арга хэмжээнүүд сумдад зохион байгуулагдаж санхүүжилтээ авч эхлээд байна.
2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Цэцэг сумаас эхэлсэн Питч арга хэмжээнүүд Булган, Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Дуут, Чандмань сумдад үргэлжлэн зохион байгуулагдаж нийт 14 бичил төслүүдийг 22 сая төгрөгөөр сум орон нутгийн санхүүжилтээр дэмжихээр болов.
Тухайлбал:
Цэцэг суманд 1 төсөл 5 сая төгрөгийн санхүүжилт
Булган суманд 2 төсөл нийт 3 сая төгрөгийн орон нутгийн санхүүжилт,
2 төсөл 600 мянган төгрөгийн Шаркуудын санхүүжилт
Эрдэнэбүрэн суманд 3 төсөл 2,2 сая төгрөгийн санхүүжилт
Мянгад суманд 3 төсөл 3 сая төгрөгийн санхүүжилт
Ховд суманд 1 төсөл 3,2 сая төгрөгийн санхүүужилт
Дуут суманд 3 төсөл 3 сая төгрөгийн санхүүжилт
Чандмань суманд 1 төсөл 2 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авсан байна.
Энэ удаагийн Пич эвэнтийг анх удаа сум орон нутгийн санхүүжилтээр дэмжин зохион байгуулж байгаа бөгөөд ESEL хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлсэн сургуулиудийн сурагчид оролцож байгаагаараа онцлог юм. Мөн арга хэмжээний үеэр ESEL хөтөлбөрийн төгсөгчид 66 цагийн сургалтаа амжилттай дүүргэсэн гэрчилгээг гардан авсан юм.

Цэцэг, Булган сумдын төсөл шалгаруулах Питч уралдаанд сум орон нутгийн бизнес эрхлэгч шаркууд оролцсон ба Б.Амгаланбадрах, М.Мөнхбат нар 2 төслийн багийг 600 мянган төгрөгөөр дэмжиж хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулалт хийлээ.
Аймгийн ажлын хэсгийн ахлагч, ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү ESEL хөтөлбөрийн тухай “Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд “Би чадна гэсэн итгэл, боломж сэтгэлтэй болж, гаргасан шинэ санаачлагаараа байгалиа хайрлахаас гадна, нийгмийн эерэг нөлөөлөл бий болж байгаад баяртай байна” хэмээн ярилаа.
Булган сумын захирал н.Эрдэнэбат “ESEL хөтөлбөр нь үндсэн хичээлийн суурьтай уялдаа холбоотой, сурагчдаас гадна багш нарт үр өгөөжтэй байна. Өмнөх төгсөгчдийн хэрэгжүүлсэн Сурагчийн шүүгээ төслийг сурагчдаас гадна багш нар ч хүртэл одоо ч хэрэглэж байна” гэсэн юм. Харин анх удаа ESEL хөтөлбөрт хамрагдаж Питч уралдаанд оролцсон Дуут сумын “Гар хийцээр бүтээх ирээдүй” төслийн багийн ахлагч 9a ангийн сурагч Б.Анаргарав “Питч уралдаан нь богино хугацаанд санаагаа оновчтой танилцуулж сурахад ихээхэн тус болсон. Бусад оролцогчдын шинэлэг санаа, илтгэлийг сонсох нь урам өгч, өөрийгөө илүү хөгжүүлэх хүсэл төрүүлсэн” гэлээ.
Тус ESEL хөтөлбөр нь Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд 2028 он хүртэл Ховд аймгийн ЕБС-иудад хэрэгжих бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлт 2026 оны 9 дүгээрсард зохион байгуулагдана.

