“Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд мод тарилаа

Нийслэлийн Налайх дүүргийн ЕБС-ийн сурагчид шийдвэр гаргагчдын хамтаар мод тарьж, ойн төгөл бүтээх ажилд хувь нэмэр оруулав

Манай улс жилийн бүрийн 5, 10 дугаар сард бүх нийтээрээ мод тарих өдөр зохион байгуулдаг. Хүүхдийг Ивээх Сангийн нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжүүлж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн талбайд хаврын мод тарих өдрүүд үргэлжилж байна.

Хүүхдийг Ивээх Сан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам болон  нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургууль, Эрдмийн Оргил сургуулийн сурагчид  хамтдаа мод тарих үйл ажиллагаанд нэгдлээ. Тэд 2026 оны 5 дугаар сарын 24-нд төслийн талбай болон үйл ажиллагаатай танилцаж, хамтдаа нарс, шинэс, хуш, гацуур, далан хальс, тавилгана зэрэг 190 мод тарьсан юм.

 

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нээлтийн үеэр “Налайх дүүрэгт ойн төгөл бүтээх ажлыг маань дэмжиж, төслийн талбайд мод тарихаар ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг угтаж өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүүхдүүд та бүхний оролцоотой хийж байгаа энэ ажил, ногоон үйлсийг бид дэлхийн олон улсаас ирж байгаа зочид төлөөлөгчдөд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдийг Ивээх Сан сүүлийн 2-3 жилд уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн чиглэлээр дэлхий даяар үүнтэй адил төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай төслийн нэг онцлог бол хүүхэд, залуус, иргэдэд уур амьсгалын өөрчлөлт, мод тарих боловсролыг олгож, газар дээр нь зааж сургаж, оролцуулж мод тарьж төгөл байгуулж байгаа явдал. Манай “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл амжилттай болбол бид цаашид Монгол Улсынхаа 21 аймагт жишиг төслүүдийг хүүхдийн оролцоотой хэрэгжүүлэхийг зорьж байгаа” гэлээ.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж байгаа төслийг дэмжиж байгаа илэрхийлж, хүүхдүүдийн экологийн боловсролыг нэмэгдүүлж, мод тарьж, ургуулах талаар боловсрол олгож байгаад талархал илэрхийлсэн юм. Мөн тэрээр хүүхдүүдэд хандаж, “Та бүхэн модоо зөвхөн өнөөдөр тариад өнгөрөх бус ойр ойрхон эргэж, усалж, арчилж байгаарай. Тарьсан модныхоо зургийг авч, төгсөхдөө ирээрэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг модоо тарьж, байгаль дэлхийгээ хайрлаж байгаарай” гэлээ.

Боловсролын яамны Санхүү, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга н. Мөнх-Оргил “Мод тарина гэдэг бол өнөөдөр тариад зогсох биш та бүхний нэг насны үйл байгаасай гэж хүсэж байна. Та бүхэн мод тарьж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтэд нөлөөлөх үйл ажиллагаа хийгээд явж байгаа учраас эргэн тойрныхондоо нөлөөлөгч байгаарай, мэдээлэл түгээгээрэй.Тарьсан мод нь бүгдээрээ ургах болтугай” хэмээн хэлэв.

COP-17 бага хурлыг зохион байгуулах ажлын албаны хамтын ажиллагааны хэлтсийн нарийн бичгийн дарга С.Саруул-Ухаан “Бид өнөөдөр өөрсдийн гараар тарьсан модоо ирээдүйд эцэг эхчүүд болох үедээ хэчнээн өсөж, ургаж байгааг харах амьдралын туршлага болно” гэлээ.

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр 3 жилийн хугацаатай (2024-2027) хэрэгжиж буй “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төсөл нь нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 5 га талбайд ойн төгөл байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Налайх дүүргийн иргэдэд мод тарих чиглэлээр мэдлэг олгох, сургууль, коллеж, МСҮТ-үүдийн суралцагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх юм. Төслийн талбайд тариалалт эхэлснээс хойш одоогоор 5,000 гаруй мод тариад байна. Мөн 7 төрлийн 600 суулгац, модны үрсэлгээ бүхий хүлэмжийг байгуулсан.

Төслийн хүрээнд Налайх дүүргийн 50 иргэнийг уур амьсгалын өөрчлөлтийн сургагч багшаар бэлтгэсэн байна. Эдгээр сургагч багш нар олон нийт, хүүхэд багачуудад чиглэсэн цуврал сургалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн Налайх дүүргийн Хот тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороотой хамтран 1,000 гаруй иргэн (82% нь хүүхэд, 18% нь насанд хүрэгчид) сургалтад хамруулсан юм. Түүнчлэн “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслөөр Налайх дүүргийн сургуулиудын эко клубүүдийг дэмжин хамтран ажиллаж байна. Тэдгээр эко клубийн сурагчдын санаачилгаар экологийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг түгээх зорилготой бичил төслийг 6 сургуульд түшиглэн хэрэгжүүлсэн юм.

Төслийн талбайн цахилгааны хангамжийг байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний системээр шийдвэрлэж, модны усалгааны эх үүсвэрийг гүний худгаар бүрэн хангасан. Ингэснээр мод ургуулах, арчлах урт хугацааны найдвартай систем бүрджээ.

Хүүхдийг Ивээх Сан нь цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Өнөөдрийн мод тарих үйл ажиллагаа ч үүний урьтал ажил болж байгаа юм.