Япон Улсын Элчин сайд Баянхонгор аймаг дахь Хүүхдийг Ивээх Сангийн төслийн үйл ажиллагаатай танилцлаа
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Игавахара Масару Япон улсын Гадаад хэргийн яамны (JMOFA) санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Тэгш, хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд Баянхонгор аймагт хэрэгжиж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус айлчлалд Элчин сайдаар ахлуулсан төлөөлөгчид, Баянхонгор аймгийн орон нутгийн удирдлагууд, ХИС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон төслийн ажилтнууд оролцсон бөгөөд талууд төслийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар орон нутгийн төлөөлөлтэй санал солилцов.
Төлөөлөгчид эхлээд “Энхбүрд” Өрхийн эрүүл мэндийн төвд зочилж хүүхдийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үзлэг эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр төслийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан “Хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн өрөө”-өөр зочилж, бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол болон хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн, тусламж, үйлчилгээг хүргэхийн ач холбогдлын талаар эрүүл мэндийн ажилтнуудтай санал солилцов.

“Энхбүрд” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга үйл ажиллагаагаа танилцуулав
“Энхбүрд” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Гүнжидлхам төслийн хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн үнэлгээ хийх чадавх эрс сайжирсан талаар онцоллоо. Төслийн хүрээнд тус төв нь эрүүл мэнд болон хөгжлийн үнэлгээний тоног төхөөрөмж, тавилга, тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан нь хүүхэд болон асран хамгаалагчдад үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулсан байна. Мөн эрүүл мэндийн ажилтнууд хөгжлийн үнэлгээ, эрт үеийн оролцоо, шилжүүлгийн тогтолцоо, эцэг эхтэй харилцах чиглэлээр сургалтад хамрагджээ. Тэрээр “Манай өрхийн эрүүл мэндийн төвд энэхүү төсөл хэрэгжиж байгаад бид маш их баяртай байна. Хүүхэд бүрт төслийн үр шимийг хүртээхийн төлөө бид үргэлжлүүлэн хичээн ажиллах болно. Төсөл 2027 онд дуусах хэдий ч 9, 18, 36 сартай хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр бид цаашид ч шамдан ажиллана” хэмээн онцоллоо.
Өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн уулзалтын үеэр Элчин сайд Игавахара Масару “Та бүхний хүчин чармайлтын үр дүнд Хүүхдийг Ивээх Сан болон Япон улсын Гадаад хэргийн яамны хамтын ажиллагаа орон нутгийн түвшинд бодит үр дүнгээ өгч байгааг харахад үнэхээр таатай байна. Хүүхэд бол бидний ирээдүй бөгөөд хүүхэд бүр инээмсэглэж байх эрүүл, гэрэлтэй ирээдүйг бүтээх нь бидний хамтын үүрэг юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Айлчлалын дараагийн хэсэгт Баянхонгор аймгийн Баян-Ойт сургууль, цэцэрлэгийн цогцолбороор зочилон очлоо. Элчин сайд болон зочдыг тус цэцэрлэгийн багш, хүүхдүүд уламжлалт монгол бүжгийн “Ботго” үзүүлбэрээр угтан авсан юм. Цэцэрлэгийн удирдлага байгууллагын үйл ажиллагаа болон тус төслийн дэмжлэгтэй хийсэн ажлынхаа үр дүн, ахиц дэвшлийг танилцуулж, төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих танхим”-аар зочдыг оруулан, хичээл, суралтын үйл ажиллагааг танилцууллаа.

Баянхонгор аймаг – Зочид болон орон нутгийнхан, төслийн ажилтнууд
Захирал Ц.Долгорлхам төслийн хүрээнд багш, ажилтнууд, бага насны хүүхдийн хөгжил, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн бага сургуульд шилжин суралцахад нь хэрхэн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр мэдлэг, практик ур чадвараа сайжруулсан талаар танилцууллаа.
Тэрээр мөн тус цэцэрлэг-сургуулийн цогцолбор 2025 онд олон улсын ISO 21001:2021 стандартыг хангасан тухай онцолсон бөгөөд энэхүү амжилтад төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах, багш ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих, цэцэрлэгээс бага сургуульд шилжих шилжилтийг дэмжих чиглэлүүд нь үнэлгээгээгээр хамгийн өндөр оноо авсан ба энэ нь төслийн үр нөлөө байгууллага болон хүүхдүүдэд бодитоор хүрч байгаагийн илэрхийлэл болж байгааг тэрээр онцоллоо.
Элчин сайд Игавахара Масару “Хүүхдүүдийн үзүүлсэн бүжгийн тоглолт үнэхээр гайхалтай байлаа. Бүр хамт бүжиглэх хүсэл төрлөө. Ийм халуун дотноор хүлээн авсанд маш их баярлалаа. Хүүхэд бол Монголын ирээдүй бөгөөд тэдний ирээдүй өнөөдрийн тэнгэр шиг гэрэлтэй, сайхан байх болтугай. Хүүхдийг Ивээх Сан болон Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр 1000 гаруй хүүхэд аз жаргалтайгаар суралцаж, хөгжиж байгааг харахад үнэхээр урамтай байна” хэмээн хэллээ.
Тус төсөл нь 2024 оноос эхлэн Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад хэрэгжиж байгаа бөгөөд 0–5 насны хүүхэд, тэр дундаа хөгжлийн хоцрогдол болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрт илрүүлэг, эрт үеийн оролцооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Төсөл нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйлчилгээний орчны хүртээмжийг сайжруулах, мөн эцэг эх, асран хамгаалагчдын хүүхдийн хөгжил, тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсын бага насны хүүхдийн сайн сайхан байдал, хөгжлийг дэмжих үйлсэд тасралтгүй хамтран ажиллаж буй Япон улсын Засгийн газар, орон нутгийн байгууллагууд, хамтрагч талууд болон олон нийтэд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

