“Өсвөрийн энтрепренер” төсөл шалгаруулах пич арга хэмжээ боллоо
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Хүүхдийг Ивээх Сан хамтран хэрэгжүүлж буй “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх” ESEL хөтөлбөрийн хүрээнд аймгийн нэгдсэн төсөл шалгаруулах “Өсвөрийн энтрепренер” пич эвэнт 2026 оны 5 дугаар сарын 29-нд ЗДТГ-ын хурлын их танхимд амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Ховд аймгийн 10 сумын 14 ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нарын төлөөлөл оролцож, ESEL хөтөлбөрийн сургалтаар хөгжүүлсэн ур чадвар, бизнесийн санаа, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх төслийн санаачилгуудаа танилцуулсан юм.
Энэ удаагийн Пич эвэнтэд нийт 21 баг өрсөлдөж, өөрсдийн боловсруулсан төслийн санааг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулан хамгаалсан юм. Оролцогч багууд асуудал тодорхойлох, шийдэл боловсруулах, санхүүгийн тооцоолол хийх, багаар ажиллах, илтгэх ур чадвараа харуулж, бүтээлч сэтгэлгээ, санаачилгаа өрсөлдүүллээ.

Шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр үнэлгээ авсан 3 баг санхүүжилт авч, төслөө бодит ажил болгон хэрэгжүүлэх боломжтой боллоо. Энэхүү дэмжлэг нь суралцагчдын санаачилгыг бодит үр дүнд хүргэхээс гадна орон нутагтаа эерэг өөрчлөлт бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал түлхэц болж байна.
Тухайлбал
- Тэргүүн байр Ховд аймгийн Жаргалант сумын 6-р сургуулийн Уран үгсийн ертөнц баг – 2,900,000 төгрөгийн санхүүжилт
- Дэд байр Ховд аймгийн Жаргалант сумын 6-р Active баг – 2,300,000 төгрөгийн санхүүжилт
- Гутгаар байр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Pin Stars баг- 2,500,000 төгрөгийн санхүүжилт тус тус авлаа.
Тус үйл ажиллагааны үеэр ESEL хөтөлбөрийн төгсөгч сурагчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулалтын ажилд гар бие оролцож, арга хэмжээний бэлтгэл, зохион байгуулалт, оролцогчдыг чиглүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллаа. Энэ нь ESEL хөтөлбөрөөр дамжуулан суралцагчдын манлайлал, хариуцлага, багаар ажиллах болон харилцааны ур чадвар бодитоор хөгжиж байгааг харуулсан онцлох жишээ байв.

ESEL хөтөлбөр нь хүүхэд, залуучуудад хувь хүний, нийгэм-сэтгэлзүйн ур чадвар эзэмшүүлэхийн зэрэгцээ энтрепренершипийн сэтгэлгээг төлөвшүүлж, өөрийн болон орон нутгийнхаа хөгжлийн төлөө санаачилга гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Ховд аймагт нийт 153 багш, зөвлөх бэлтгэгдэн ажиллаж байгаа нь хөтөлбөрийг аймгийн хэмжээнд өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Хүүхэд гэрбүл, хөгжил, хамгааллын газар, ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нар, шүүгчдийн бүрэлдэхүүн, оролцогч суралцагчидад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

