Ханбогд суманд “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжиж эхэллээ

Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийнХөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн нээлт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын байранд 2026 оны 6 дугаар сарын 9-нд болж, сум, багийн удирдлагууд, хамтарсан багийн гишүүд, сургуулиудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, мөн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, эцэг эхийн зөвлөлийн төлөөллүүд оролцов.

   

хөтөлбөрийн ажилтан П.Цэдэндамба Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаагаа  танилцууллаа. Мөн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа Ханбогд суманд хэрэгжүүлэх “Би найзаа дэмжинэ” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдын асуултад хариуллаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан “Төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаж байгаад талархаж байна. Сумын удирдлагууд, Засаг даргын Тамгын газар, төрийн байгууллагууд бүгдээрээ дэмжих боломжтой” хэмээн хэллээ.

“Би найзаа дэмжинэ” төсөл 2026 оны 6 дугаар сараас 2026 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжинэ. Энэхүү төсөл нь сургуулиудад үе тэнгийн дэмжлэгт суурилсан хөтөлбөр хэрэгжүүлэх замаар өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлыг эрт илрүүлэх, зохих дэмжлэгийг цаг алдалгүй үзүүлэх, эерэг, аюулгүй орчинг бүрдүүлж сургууль, хамтарсан багийн оролцоонд суурилсан хүүхэд хамгаалын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

  

Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөр нь хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх чадавх бүхий тогтолцоог бэхжүүлэхийг зорьж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд “Хөдөлмөр эрхлэгч хүүхдийн хамгааллыг дэмжих нь”, “Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ”, “Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх нь”, “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь 1,2”, “Гамшиг онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”, “Нийгэмшүүлэх цирк”, “Хүүхэд ба дуран”, “Хот айл”, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллын арга зүйн төвийг байгуулан ажиллаж байна.

Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу Толгойн сан нь оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаа, тогтвортой түншлэлийн үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг амьдрахад таатай, гэр бүлд ээлтэй, тогтвортой хөгжил бүхий орчин үеийн суурин болгон хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа аж.