Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байна

Монгол Улсад Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 22 жилийн ой 2026 онд тохиож байна. Хүүхдийг Ивээх Сан нь Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ.

2011-2016 онд БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтийн дэмжлэгээр ОБЕГ-тай хамтран “Гамшиг, онцгой байдлынүе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэйбэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд 2014 оны 9-р сарын 23-нд ОБЕГ нь гамшгийн өмнө, гамшгийн үеэр болон түүний дараа хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал ба хүүхдийн оролцоог хангасан Хүүхэд хамгааллын чиглэлийг баталжээ. Үүгээр нийт 3,500 хүүхэд гэр болон байгууллагын орчинд гамшиг тохиосон нөхцөлд өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадвараа дээшлүүлж, Улаанбаатар хотын 37, 200 гаруй хүүхэд гамшгийн үеийн нөхцөл байдалд үзүүлэх хариу үйлдлийн тухай анхан шатны ойлголт авсан байна. Сургууль, хүүхдийн халамжийн төв зэрэг 18 байгууллага гамшиг, онцгой байдлын үе дэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй болсноор 5,000 орчим хүүхдийн аюулгүй байдал хангагдсан аж. Төрийн албан хаагч болон үйлчилгээ үзүүлэгч 850 мэргэжилтэн хүүхдийн эрх болон гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаарх ойлголтоо сайжруулав.

 

2018 онд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Хүүхдийг Ивээх Сан нь ОБЕГ-т хүний нөөцийн дэмжлэг үзүүлэн ажиллав. Зөвлөгөөнд оролцогчдоос Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд Монгол Улсаа төлөөлөх хүүхэд, залуусыг сонгож, тэд 2018 оны 7-р сард Улаанбаатар хотноо болсон хурлын үеэр тэдгээр төлөөлөгчид салбар хуралдаанд илтгэл тавьсан байна.

2019 онд Хүүхдийг Ивээх Сан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнтэй хамтран 2019 онд Баян-Өлгий аймагт ажиллаж, Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх индикаторын, Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн тойм судалгааны гэсэн аргачлалаар Баян-Өлгий аймгийн 13 сумыг хамруулан зохион байгуулжээ.

Өнгөрсөн хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газартай хамтран 2007, 2012, 2017, 2019 онд “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал” гарын авлага болон манай улсад хамгийн түгээмэл тохиолддог 8 төрлийн аюулт үзэгдлээр “Гамшигт бэлэн байцгаая” видео хичээл боловсруулан гаргажээ.

Хүүхдийг Ивээх Сан 2016, 2017, 2019, 2023, 2024 онд “Зудад өртсөн малчин өрхүүдэд туслах” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газраас зудын нөхцөл байдлын мэдээлэл өгөх, үнэлгээ хийх, тусламж тараах, түгээх зэрэг ажлуудад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан юм.