“Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль”-ийн оролцогчид Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаатай танилцлаа

МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимээс зохион байгуулж буй “Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль” (International Summer University in Social Work – ISUSW 2026) 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, хөтөлбөрийн үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. “Нийгмийн ажлын олон улсын зуны сургууль”-ийн оролцогчид 2026 оны 7 дугаар сарын 3-нд Хүүхдийг Ивээх Санд зочилж, үйл ажиллагаатай танилцлаа.

 

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай байгууллага болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулав. Мөн Боловсролын хөтөлбөрийн менежер А.Баярмаа, Хүүхэд хамгааллын хөтөлбөр болон төслийн зохицуулагч Б.Цэрэнханд, “Ойн төгөл бүтээгч хүүхдүүд” төслийн зохицуулагч Ц.Батзаяа нар зочдод төслүүдийнхээ талаар тус тус танилцуулсан юм.

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан хүүхэд хамгаалал, боловсрол, хүүхдийн ядуурлыг бууруулах, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Хүүхдийг Ивээх Сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой ажилладаг.

 

Энэ удаагийн зуны сургуульд АНУ, Канад, Австрали, БНХАУ, Хонконг, Израиль, Энэтхэг зэрэг улсын нэр хүндтэй их, дээд сургуулиуд болох University of California, Los Angeles (UCLA), University of British Columbia (UBC), Western Sydney University, Shandong University, The Chinese University of Hong Kong, The Hebrew University of Jerusalem, Rajagiri College of Social Sciences, Монгол Улсын их сургууль зэрэг найман их сургуулийн профессор, эрдэмтэн судлаачид, магистр, докторын түвшний оюутнууд оролцож байгаа ажээ.

Танхимийн сургалтаас гадна хөтөлбөрт оролцогчид Монгол Улсад хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Хүүхдийг Ивээх Сан байсан юм.