COP17 Mongolia: Хүүхдийг Ивээх Сан

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотод 8 дугаар сарын 17-28-нд болж байна. “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриатай энэхүү бага хуралд дэхийн 197 улс орны элч төлөөлөгчид, төрийн түшээд, бизнес, иргэний нийгмийн удирдагчид, эрдэмтэд, залуучууд, уугуул иргэд болон малчид, тариаланчид оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцэж байгаа юм.

Хүүхдийг Ивээх Сан бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, Ногоон бүсэд үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна Цэнхэр бүсэд зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулж байна.

Ногоон бүс дэх павильон зочин олонтой байлаа

Хүүхдийг Ивээх Сан 2026 оны 8 дугаар сарын 18, 19, 20-ний өдрүүдэд Ногоон бүсийн B3 павильониор өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, бодит туршлага, боломжуудыг танилцууллаа. Мөн ирсэн зочид Хүүхдийг Ивээх Сантай хамтран ажилладаг хүүхэд, залуучуудын зохион байгуулсан сонирхолтой олон үйл ажиллагаанд оролцов. Манай байгууллагын павильонд Африкийн улсууд, Герман, Австрали, БНХАУ, Солонгос, Болгар зэрэг орнуудын төлөөлөгчдөөс гадна БНСУ-ын Чусон Их Сургуулийн оюутнууд багшийнхаа хамт зочилж, мэдээлэл авлаа. Энэ үеэр Австрали улсаас ирсэн Фиона О’Локлиноос сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Бид Цэнхэр бүсэд хэд хэдэн зэрэгцээ арга хэмжээнд оролцож, олон янзын байгууллагуудтай хамтран ажиллаж буйдаа баяртай байгаа. Бүтэн долоо хоногийн турш олон уулзалт, санал солилцох уулзалтуудад оролцохоор төлөвлөсөн. COP17-ын хүрээнд салбаруудын төлөөлөлтэй идэвхтэй хамтран ажиллаж, хийгдэж буй чухал ажлуудад бодитой оролцохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн ярилаа.

   

Манай Ногоон бүс дэх павильоны эхний гурван өдөр дотоод, гадаадын олон зочинтой, хөл хөдөлгөөн ихтэй, ажил хэрэгч байдалтай өнгөрлөө. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Манай байгууллага COP17 арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Хүүхдийг Ивээх Сан төсөл, хөтөлбөрүүд болон Налайх дүүрэгт хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслөө таилцуулж байгаа” хэмээн ярилаа.

Цэнхэр бүсэд зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулна

Хүүхдийг Ивээх Сан, Боловсролын яамтай хамтран 2026 оны 8 дугаар сарын 24-нд Цэнхэр бүсэд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” арга хэмжээ зохион байгуулна. Бага хурлын хүрээнд боловсролын салбар дахь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлогын шинэлэг шийдлийг хэлэлцэх, харилцан  туршлага солилцох зорилготой юм.

   

Түүнчлэн 2026 оны 8 дугаар сарын 26-нд Цэнхэр бүсэд Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Пипл Ин Нийд Олон улсын байгууллага, Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн болон Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл хамтран “Эх дэлхийгээ сэргээх хүүхэд, залуусын манлайлал” арга хэмжээ зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, залуусыг зөвхөн үр шим хүртэгч бус харин байгаль дэлхийнхээ жинхэнэ эзэд, хамгаалагчид, нөхөн сэргээгчид болохыг онцлон харуулах зорилготой. Панел хэлэлцүүлгийн үеэр хамтрагч байгууллагуудын Монгол болон олон улсад хэрэгжүүлсэн уур амьсгалд тэсвэртэй хөдөө аж ахуй, бэлчээрийн нөхөн сэргээлт, ойжуулалт, бодлогын нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлж буй нотолгоонд суурилсан сайг туршлагууд, боломжуудаа танилцуулна.

Хүүхэд, залуучууд зочдын дунд сонирхолтой арга хэмжээнүүд явуулж байна

Хүүхдийг Ивээх Сангийн Ногоон бүс дэх павильонд нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуул, Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагчид, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн оюутнууд идэвх санаачилгатай оролцож, сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа юм. Эдгээр сурагчдын нэг нийслэлийн Налайх дүүргийн Голомт сургуулийн сурагч Ц.Баясгалан “COP17 олон улсын бага хуралд оролцож байгаадаа маш баяртай байна. Павильонд ажиллаж их туршлага хуримтлууллаа. Жишээ нь, олон улс орны хүмүүстэй нээлттэй харилцаж, өөрийн үзэл санаагаа илэрхийлэн, сонирхолтой тоглоом болон дуу хоолойгоо нэгтгэх самбар дээр хүмүүсийн сэтгэлийн үг, гарын үсгийг цуглуулсан. Эдгээр хүмүүстэй харилцаж, санал бодлоо хуваалцаж тэднийг эх дэлхийгээ хайрлах,хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй байгааг харах үнэхээр үгээр хэлэмгүй сайхан байлаа. Мөн энэ том хурлын нэг хэсэг болж байгаадаа маш сэтгэл хангалуун байна” хэмээн ярилаа.

   

Мөн Улаанбаатар дахь Америк сургуулийн сурагч О.Бишрэл “Хүмүүстэй харилцах маш сайхан байлаа. Бид зургаас ялгаа олох тоглоом тоглуулангаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн төлөөлөгчдөд хүүхдүүдийг хэрхэн хамгаалах талаар ярилцсан нь сонирхолтой байсан. COP17 арга хэмжээнээс олон туршлага хуримтлууллаа” гэж сэтгэгдлээ хуваалцав.

COP17 арга хэмжээнд оролцогчид 2026 оны 8 дугаар сарын 24-нд Ногоон бүсийн B3 павильонд зочилж, Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллгаатай танилцах боломжтой. Та бүхнийг урьж байна.