Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан UNCCD COP17-ийн үеэр хүүхэд, залуусын байгаль орчны боловсролд хөрөнгө оруулахыг дэлхий нийтэд уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан хамтран тус бага хурлын хүрээнд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр хоёр талын хамтран боловсруулсан байр суурийн баримт бичгийг танилцуулж, хүүхэд залуусын экологи, байгаль орчны боловсролд хөрөнгө оруулах, шийдвэр гаргалтад хүүхдүүдийн оролцох боломжийг нэмэгдүүлэхийг уриалав. Хэлэлцүүлгийн үеэр боловсролын салбарын бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн чадавх, ногоон сургууль, ногоон ур чадвар болон хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндлөө.

Арга хэмжээг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нээж, “Байгаль орчны боловсролын уламжлал ба ирээдүй” сэдвээр үг хэлэв. Үндсэн хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Хван Мёнхва, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар, Монгол Улсын Их Сургуулийн профессор Ц.Соёл-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Олон улсын хөтөлбөртэй “Бэрх” сургуулийн Teach for Mongolia хөтөлбөрийн сурагч Г.Дондогдулам нар оролцлоо.
Хүүхэд, залуусын дуу хоолой энэхүү арга хэмжээний гол хэсэг байлаа. Нийслэлийн Налайх дүүргийн Голомт сургуулийн сурагч Ц.Баясгалан Налайх дүүргийн тоосжилт сурах орчинд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг, 109 дүгээр сургуулийн сурагч Б.Баяр-Эрдэнэ орон нутгийнхаа төлөвлөөгүй олон салаа замын асуудлыг, Дундговь аймгийн Эрдмийн далай сургуулийн сурагч Э.Алтантуяа ойрхон давтамжтай угалзан шуурга нь түүний амьдрал, сурах нөхцөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуудлыг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тус арга хэмжээний үеэр байгаль орчин, уур амьсгалын боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн чадавх, ногоон сургууль, ногоон ур чадвар болон сургууль-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Мөн оролцогчид COP17-ийн дараах хамтын ажиллагаа, түншлэл, техникийн болон санхүүгийн дэмжлэгийг бодит үйл ажиллагаатай уялдуулах, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн даван туулах чадварыг бэхжүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх талаар онцлов.

Хүүхдийг Ивээх Сан нь байр суурийн баримт бичгийг боловсруулахдаа хүүхэд, залуусын дуу хоолойг тусгах зорилгоор Монгол Улсын хөдөө, хот суурин газрын таван бүс нутагт хүүхэд, залуустай уулзалт зохион байгуулж, байгаль орчны өөрчлөлтийг тэд хэрхэн мэдэрч байгаа болон байгаль орчны боловсрол, ур чадвар, оролцооны ямар хэрэгцээ, боломж байгааг сонсож, баримтжуулсан юм. Эдгээр зөвлөлдөх уулзалтын үр дүнг байр суурийн бичигт тусгасан байна.
Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талууд болон олон улсын хамтын нийгэмлэгт дараах гурван чиглэлээр хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа.
Үүнд:
1.Боловсролын бүх түвшинд байгаль орчин, уур амьсгалын боловсролд хөрөнгө оруулах – Уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулан хүүхэд, залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх
2.Хүүхэд, залуусын утга учиртай оролцоог хангах – Байгаль орчны боловсролын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хүүхэд, залуус бодитой оролцох механизм бүрдүүлэх
3.Ногоон ур чадвар, сургалтын орчин, инновац болон ногоон бизнес эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх – Ялангуяа өсвөр үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдэд эдгээр боломжийг хүртээмжтэй болгох
Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол зэрэг харилцан уялдаатай сорилтын нөхцөлд боловсрол нь зөвхөн мэдлэг олгох хэрэгсэл бус, харин хүмүүсийн хандлага, зан үйл, практик ур чадварыг өөрчлөх, орон нутгийн оролцоог бэхжүүлэх урт хугацааны шийдэл юм. Хүүхэд, залууст өнөөдөр хөрөнгө оруулах нь газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжил, ногоон ирээдүйд хийж буй урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг энэхүү арга хэмжээнд оролцогчид онцоллоо.


