Арга зүйн модулийн сургагч багш нарыг бэлтгэлээ
“Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх арга зүй” модулийн сургалт 2026 оны 8 дугаар сарын 27-нд Монгол-Япон төв дээр зохион байгуулагдлаа.
Тус сургалтад Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Сэлэнгэ, Баянхонгор аймгийн цэцэрлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны салбар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн багш, зохицуулагч нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн багш О.Анхтуяа: Манай цэцэрлэг төсөлд хамрагдаад нэг жил болж байна. Өмнө нь би тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахдаа зөвхөн хооллох, харах үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ сургалтад суусны дараа бусад хүүхдүүдтэй адилхан хөгжих, боловсрох эрхтэй, тэр арга зүй нь багш нарт дутагдалтай байна гэсэн бодол төрсөн. Тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүйгээ энэ сургалтаас олж авлаа. Цэцэрлэгтээ хэрэгжүүлнэ.
Баянхонгор аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал М.Дулмаа:Сургалтад өмнө нь оролцож байсан. Энэ удаа өмнөх мэдлэгээ бататгаад хүүхэд хамгаалал, жендэрийн асуудлыг хөндөж өгснөөрөө давуу талтай байна. Сургууль, цэцэрлэгт хүүхэд хамгааллын баг хэрхэн ажиллах талаар чиглүүлж өглөө. Түүнчлэн харилцах дэвтрээ хэрхэн ашиглаж байгаа, сайжруулах шаардлагатай зүйлсийн талаар ярилцаж байгаагаараа онцлогтой.
Сургалтад оролцогчид хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, эрт оролцоо, эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хүлээн зөвшөөрөх чадвар, хандлагыг эргэцүүлэх, эцэг эхэд тулгарч буй бэрхшээл юу байгаа, сэтгэл зүйгээ удирдах хэв маяг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, хөгжлийг дэмжихэд эцэг, эх хоёрын тэгш оролцоо чухал болох тухай, эцэг эхийн хамтран хариуцах үндсэн чиглэлүүд зэрэг сэдвүүдээр мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэв.

Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оноос Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байна. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм. Мөн амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм.

