Хүүхдийг Ивээх Сан COP17-д хүүхэд, залуусын дуу хоолойг хүргэж, байгаль орчны боловсролд хөрөнгө оруулахыг уриаллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус бага хуралд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 197 оролцогч талын төлөөлөгчид болон засгийн газрын өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хүүхэд, залуус, иргэд, малчид зэрэг олон талын төлөөллүүд оролцов. Дэлхийн улс орнуудын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, салбарын төлөөллийг нэгэн дор цуглуулсан COP17 нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэж, газрын нөхөн сэргээлт, тогтвортой ирээдүйн төлөө хамтын шийдэл эрэлхийлсэн олон улсын томоохон арга хэмжээ боллоо. Хүүхдийг Ивээх Сан нь COP17-д өргөн хүрээнд оролцож, хүүхэд, залуусын оролцоог хангаж, байгаль орчин, уур амьсгалын боловсролд анхаарч, газрын доройтол, цөлжилтийг бууруулахад хүүхдийн оролцоог хангахын ач холбогдлыг онцолсон юм.
Хүүхдийг Ивээх Сан COP17 Mongolia-ийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулагч байгууллагаар ажиллав
Хүүхдийг Ивээх Сан COP17 Mongolia-ийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулагч байгууллагын нэгээр ажиллаж, бага хурлын хүрээнд Ногоон болон Цэнхэр бүсийн үйл ажиллагаанд оролцон, төрийн байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран арга хэмжээнүүд зохион байгуулав. Энэхүү оролцоо нь хүүхэд, залуусын дуу хоолойг COP17-ийн хэлэлцүүлэгт хүргэхийн зэрэгцээ Монгол дахь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, хүүхэд төвтэй арга туршлагаа үндэсний болон олон улсын оролцогчдод танилцуулах боломж бүрдүүллээ.
Боловсролын яамтай хамтарсан байр суурийн баримт бичиг боловсруулж, уриалга гаргав
Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан хамтран байгаль орчин, уур амьсгалын боловсролын чиглэлээр байр суурийн баримт бичиг боловсруулж, COP17-ийн үеэр танилцууллаа. Баримт бичгийг боловсруулахдаа Монгол Улсын хөдөө, хот суурин газрын таван бүс нутагт хүүхэд, залуустай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, байгаль орчны өөрчлөлтийг тэд хэрхэн мэдэрч байгаа, мөн байгаль орчны боловсрол, ур чадвар, оролцооны ямар хэрэгцээ, боломж байгааг сонсож, үр дүнг бодлогын зөвлөмжид тусгасан юм. Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан нь UNCCD-ийн Талууд болон олон улсын хамтын нийгэмлэгт дараах гурван чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав. Үүнд:
- Боловсролын бүх түвшинд байгаль орчин, уур амьсгалын боловсролд хөрөнгө оруулах – уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулан хүүхэд, залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх;
- Хүүхэд, залуусын утга учиртай оролцоог хангах – байгаль орчны боловсролын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хүүхэд, залуус бодитой оролцох механизм бүрдүүлэх;
- Ногоон ур чадвар, сургалтын орчин, инновац болон ногоон бизнес эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх – ялангуяа өсвөр үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдэд эдгээр боломжийг хүртээмжтэй болгох.
Хэлэлцүүлгийн үеэр боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн чадавх, ногоон сургууль, ногоон ур чадвар, сургууль-олон нийтийн хамтын ажиллагаа болон COP17-ийн дараах түншлэл, техникийн болон санхүүгийн дэмжлэгийг бодит үйл ажиллагаатай уялдуулах боломжийг хэлэлцлээ.
Цэнхэр бүсэд зэрэгцээ арга хэмжээнүүд зохион байгуулав
2026 оны 8 дугаар сарын 24-нд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг Боловсролын яамтай хамтран зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нээж, үндсэн хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Хван Мёнхва, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар, Монгол Улсын Их Сургуулийн профессор Ц.Соёл-Эрдэнэ, мөн хүүхэд, залуусын төлөөлөл оролцов.
Түүнчлэн 2026 оны 8 дугаар сарын 26-нд Дэлхийн Зөн олон улсын байгууллагын санаачилгаар Хүүхдийг Ивээх Сан, People in Need-PIN Mongolia, Тэрбум Мод Үндэсний Хөдөлгөөн болон Үндэсний Байгаль Орчны Залуучуудын Зөвлөл хамтран “Газрыг нөхөн сэргээхэд хүүхэд, залуусын манлайлал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн хөтөлбөрийн менежер, олон улсын эксперт Хан Юри панелистаар оролцож, ойжуулалт, байгаль орчны боловсрол, эко клубээр дамжуулан хүүхэд, залуусын уур амьсгалын үйл ажиллагааг дэмжих туршлагаас хуваалцлаа.
Хүүхэд, залуусын дуу хоолойг COP17-гийн хэлэлцүүлэгт хүргэлээ
Хүүхдийг Ивээх Сан нь COP17-д газрын доройтол, цөлжилтөд хамгийн их өртсөн Дундговь аймаг болон Налайх дүүргээс хүүхэд, залуусын төлөөллийг оролцуулсан бөгөөд тэдэнд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг олгох сургалт, бэлтгэл уулзалт, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулсан юм.
2026 оны 8 дугаар сарын 24-нд Боловсролын яамтай хамтран зохион байгуулсан “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээнд нийслэлийн Налайх дүүргийн Голомт сургуулийн сурагч Ц.Баясгалан тоосжилт сурах орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар, 109 дүгээр сургуулийн сурагч Б.Баяр-Эрдэнэ орон нутгийн төлөвлөөгүй олон салаа замын асуудлаар, Дундговь аймгийн Эрдмийн далай сургуулийн сурагч Э.Алтантуяа говьд болдог угалзан шуурга түүний амьдрал, суралцах нөхцөлд хэрхэн нөлөөлж байгааг өөрсдийн туршлага дээр тулгуурлан хөндөж, үзэл бодлоо илэрхийллээ.
Мөн Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутан У.Айсулу 8 дугаар сарын 26-ны “Газрыг нөхөн сэргээхэд хүүхэд, залуусын манлайлал” хэлэлцүүлэгт панелистаар оролцож, хүүхэд, залуусын манлайлал, уур амьсгалын боловсрол, мод тарих болон сургуулиа ногоон болгох бодит туршлагаасаа хуваалцав.
Ногоон бүсэд төсөл, хөтөлбөр, сайн туршлагаасаа танилцуулав
Хүүхдийг Ивээх Сан 2026 оны 8 дугаар сарын 18, 19, 20, 24-ний өдрүүдэд Ногоон бүсийн B3 павильонд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, бодит туршлагаа олон нийт болон олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа. Эдгээр өдрүүдэд ХИС-ийн павильонд ойролцоогоор 5,000 гаруй хүн зочилсон байна. Түүнчлэн Герман, Австрали, БНХАУ, БНСУ, Болгар зэрэг улсын төлөөлөгчид, БНСУ-ын Чусон Их Сургуулийн оюутан, багш нар зочилж, Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авсан юм.
Хүүхдийг Ивээх Сангийн хамтран ажилладаг эко клубүүдийн сурагч, оюутнууд төслийн зорилго, үйл ажиллагаа, мод тарих, уур амьсгалын боловсрол, эко клуб болон орон нутгийн оролцооны туршлагаа зочдод танилцуулсан юм. Нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд, Улаанбаатар дахь Америк сургууль болон Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн сурагч, оюутнууд Ногоон бүсэд сайн дураараа ажиллаж, ирсэн зочдод мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Ц.Мөнхбат, С.Одонтуяа нар COP17-ийн үеэр Хүүхдийг Ивээх Сангийн зохион байгуулсан арга хэмжээг дэмжин оролцов. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Ногоон бүсэд ХИС-гийн павильонд зочилж, үйл ажиллагаатай нь танилцан БНСУ-ын ХИС-гийн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Цэнхэр бүсэд Боловсролын яамтай хамтран зохион байгуулсан “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээнд оролцож, хүүхэд залуусын саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэв
COP17 Улаанбаатар арга хэмжээнд Японы Хүүхдийг Ивээх Сангийн Шинэ бизнес хөгжил, институцийн түншлэл хариуцсан менежер бөгөөд Монгол улсыг хариуцсан захирал Мицүаки Тоёода, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Хван Мёнхва, Хүмүүнлэг болон уур амьсгалын хөтөлбөрийн менежер Юн Шин, хөтөлбөрийн менежер Хан Юри, уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Абинаш Лахкар нар оролцлоо. Тэд Монгол дахь Хүүхдийн Ивээх Сангийн багтай хамтран COP17-ийн арга хэмжээнд оролцож, хүүхэд, залуусын уур амьсгалын үйл ажиллагаа, байгаль орчны боловсрол, ойжуулалтын чиглэлээр олон улсын туршлага, сургамжийг хуваалцсан юм.
COP17 дахь оролцооны гол үр дүн
Хүүхдийг Ивээх Сан нь тус арга хэмжээний үеэр хүүхэд, залуусыг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлаарх хэлэлцүүлгийн зөвхөн оролцогч бус, өөрсдийн амьдралд тулгарч буй асуудал, боломжит шийдлийн талаар дуу хоолойгоо хүргэх идэвхтэй оролцогч байхад дэмжлэг үзүүллээ. Хүүхэд, залуусын санал бодлыг бодлогын баримт бичигт тусгаж, үндэсний болон олон улсын шийдвэр гаргагчдад хүргэхийн зэрэгцээ байгаль орчин, уур амьсгалын боловсролд хөрөнгө оруулах асуудлыг COP17-ийн хүрээнд бодлогын түвшинд хөндсөн нь оролцооны чухал үр дүн байв.
Мөн COP17 Mongolia-гийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулагч байгууллагын хувьд, Хүүхдийг Ивээх Сан Ногоон болон Цэнхэр бүсэд оролцож, төр, олон улсын байгууллага, иргэний нийгэм, сургууль, их сургууль, хүүхэд, залуусын төлөөлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол дахь хүүхэд төвтэй байгаль орчин, уур амьсгалын хөтөлбөрүүдийн туршлага, үр дүнг олон улсын оролцогчдод сурталчлан таниуллаа.
COP17-той холбоотой Хүүхдийг Ивээх Сангийн цахим контентууд нийт 191,000 хүнд хүрч, Ногоон бүсийн павильонд 5,000 гаруй хүн зочилж, 65 байгууллага, хувь хүн төсөл хөтөлбөрүүдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтран ажиллах саналаа илэрхийлсэн байна.





