Баянхонгор аймагт “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох ESEL хөтөлбөр” хэрэгжинэ

Баянхонгор аймагт “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох ESEL хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол 2026 оны 9 дүгээр сарын 7-нд Баянхонгор аймгийн Багшийн хөгжлийн ордонд боллоо. Уг гэрээнд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэ Монгол” ХХК, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн төлөөллүүд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлэв. Ёслолын үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Төрийн байгууллагын харилцаа, зөвшөөрлийн албаны дарга Б.Сүрэн, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа нар үг хэллээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нээлтийн үгэндээ “Аймгийн хэмжээнд зарласан Боловсролын жилийн ажлын хүрээндээ Эрдэнэ Монгол ХХК-ийн дэмжлэгээр Хүүхдийг Ивээх Сангийн жишиг болсон хөтөлбөрийг нутагтаа авч ирлээ. Хүүхэд, залуучуудынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээн уриалав. “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Төрийн байгууллагын харилцаа, зөвшөөрлийн албаны дарга Б.Сүрэн “ESEL сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар дэмжин хэрэгжүүлэхийн төлөө байна” хэмээн онцоллоо. Хүүхдийг Ивээх Сан ESEL хөтөлбөрийн зэрэгцээ төсөл хэрэгжих Гэгээн сумади сургууль, Эрдэнэмандал сургуулийн Хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах үйл ажиллагааг хамтын ажиллагааныхаа хүрээнд нэмэлтээр хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадвар олгох сургалт буюу ESEL нь энтрепренершип боловсрол, практик сургалт, төсөлд суурилсан сургалтын аргазүйгээр 8-12-р ангийн сурагчдын хувь хүний ур чадварыг хөгжүүлж, тэдний сурлагын амжилтыг нэмэгдүүлэн, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх  юм.

Гарын үсэг зурах ёслолын дараа төслийн нээлтийн семинар болж, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа ESEL хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэлүүдээ, Хүүхэд хамгааллын төслийн зохицуулагч Б.Цэрэнханд төслийнхөө талаар тус тус танилцуулж, талуудын саналыг сонсож, тэдний сонирхсон асуултуудад хариулав.

Нээлтийн семинарт Баянхонгор аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон бусад агентлагийн

дарга, мэргэжилтэн, Гэгээн Сумади, Эрдэнэмандал сургуулийн захирал, сургалтын менежер, багш, сурагчдын төлөөлөл, Баянхонгор аймгийн бизнесийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Ийнхүү Баянхонгор аймагт шинэ зууны хүүхэд, залууст нэн хэрэгцээтэй хувь хүний ур чадвар,  энтрепренершип боловсрол олгох үйл ажиллагааны эхлэл тавигдлаа.