Эрүүл мэндийн төсөл Говь-Алтай, Завхан аймгийн сумдад амжилттай хэрэгжиж байна

-Хүүдийг Ивээх Сан болон “Денан төсөл”-ийн удирдлагууд төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав-

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл”-ийн санхүүжилтээр 2022 оноос Говь-Алтай аймгийн Чандмань суманд, 2025 оноос Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон ажилтнууд, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Шин Жийн нар 2026 оны 9 дүгээр сарын 14-19-нд Завхан, Говь-Алтай аймгуудад ажиллаж, төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцав.

Түдэвтэй суманд эрүүл мэндийн төсөл, үдийн хоолны хөтөлбөр хэрэгжиж байна

Хүүхдийг Ивээх Сан болон донорын төлөөлөлүүд Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга Д.Бадамсүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга П.Мөнхзаяа нарын зэрэг албаны хүмүүстэй Улиастай хотод 2026 оны 9 дүгээр сарын 14-нд уулзаж, эрүүл мэндийн төслийн үр дүнгийн талаар ярилцав. Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Хүүхдийг Ивээх Сангаас хэрэгжүүлж буй төслүүд нь орон нутгийн иргэд, хүүхдүүдэд онцгой ач холбогдолтой буйг дурдлаа. Тухайлбал, Түдэвтэй сумын эмнэлэгт төслөөс олгосон рентгений тоног төхөөрөмж нь аймгийн хэмжээнд 4 байдаг бөгөөд алслагдсан нутгийн иргэд эрүүл мэндийн тусламж цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлж буйг онцоллоо.

Мөн төлөөлөгчид Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.Бямбацогттой уулзаж, Түдэвтэй суманд хэрэгжүүлж буй үдийн хоолны хөтөлбөрийн үр дүнгийн талаар танилцуулж, саналаа солилцсон юм. Тэрээр “Хөтөлбөрийн үр дүнд “Денан төсөл” болон эцэг, эхийн санхүүгийн дэмжлэгтэйгээр дунд, ахлах ангийн сурагчид үдийн хоолны хөтөлбөрт хамрагдаж байна. Зах зээлээс алслагдсан сумын сургуульд нэгдсэн байдлаар шим тэжээлтэй хоол өгч байгаад эцэг эхчүүд талархдаг. Бид энэ хөтөлбөрийг бусад сургуулиудад туршилтаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн ярилаа.

   

2026 оны 9 дүгээр сарын 15-нд Түдэвтэй суманд очиж, Эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй төсөл болон Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж буй үдийн хоолны хөтөлбөрийн үр дүнтэй танилцлаа. “Денан төсөл”-ийн хүрээнд Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Нэг хүүхдийн нэг өдрийн хоолны зардлын 40 хувийг эцэг эхчүүд төлж, 60 хувийг төслөөс санхүүжүүлдэг. Өнөөдөр тус сургууль нийт 315 сурагчтай бөгөөд түүнээс 6-12 дугаар ангийн дунд, ахлах 10 бүлгийн 200 суралцагч нар үдийн хоолны энэхүү шинэ хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. (Үдийн хоолны хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй түүхийг удахгүй нийтлэх болно). Тус сургуулийн захирал Ч.Амаржаргал сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулснаар сурагчид хичээлдээ илүү амжилт гаргаж, хичээл таслалт хичээлийн цагаас хоцрох байдал эрс буурсан талаар хуваалцлаа. Түүнчлэн эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, үдийн хоолны хөтөлбөрийн талаарх тэдний сэтгэгдэл, хүсэлтийг сонсож, саналаа солилцсон юм.

   

“Денан төсөл”-өөр Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сурагчдын дунд “Өсвөрийн эмч” эрүүл мэндийн клуб байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Клубынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд электрон тамхины хор хөнөөлийн талаар сурагчдад мэдээлэл, эрүүл зөв хооллолтын зөвлөмж хүргэн, шүд, гар угаах арга техникийн сургалт явуулжээ.

“Денан төсөл”-ийн санхүүжилтээр тус 2025 оны 4 дүгээр сард тус суманд иж бүрэн шинэ шүдний кабинет хүлээлгэн өгсөн юм. 2026 онд шүдний кабинетаар 576 хүн эмчилгээ хийлгэж, 383 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан тухай танилцууллаа. Эрүүл мэндийн төвийн дарга Н.Өлзийжаргал төслийн санхүүжилтээр авсан зөөврийн рентген аппарат үр дүнгээ өгч байгаа талаар ярилаа. Өмнө нь өвчтөнүүд аймгийн төв рүү явж рентген зураг авахуулдаг байсан бол өнөөдөр Түдэвтэйгээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Сантмаргац, Цэцэн-Уул сумын иргэд үйлчлүүлэх боломж бүрджээ.

   

Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга Х.Саруул-Эрдэнэ багийнхныг хүлээн авч уулзан, тус сум дахь төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байгаад талархлаа илэрхийлэв. Мөн хамтдаа сумын төвөөс холгүй намаржиж буй малчин айлд зочилж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар ярилцлаа.

Чандмань сумын Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургуульд төсөл хэрэгжүүлж байна

“Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Шин Жийн Говь-Алтай аймгийн Чандмань сумын ИТХ-ын дарга Д.Жаргалсайхан, Засаг дарга Ц.Алтанхишиг, орлогч дарга Т.Болдбаатар, Цэцэрлэгийн эрхлэгч П.Лхазмаа нартай уулзаж, тус суманд хэрэгжүүлж буй төслийн талаар саналаа солилцов.

Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Шин Жийнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шүдний кабинетээр үйлчлүүлсэн иргэдийн тоо, авсан үйлчилгээ, төсөл хэрхэн хэрэгжиж байгаа болон энэ оны эхээр хүлээн авсан дизель генераторын ашиглалтын талаар танилцуулав.  Сумын эрүүл мэндийн шүдний тасгийн эмч, сувилагч нар зөөврийн төхөөрөмжөө ашиглан 35 км зайтай байрлах зэргэлдээх Эрдэнэ суманд 2026 оны 3 дугаар сард ажиллаж, хүүхдийн шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээ хийсэн байна.

   

“Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Шин Жийн Чандмань сумын ерөнхий боловсролын ерөнхий боловсролын сургуульд зочилж, төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудтай танилцав. Төслийн санхүүжилтээр сургууль болон дотуур байранд зориулан худаг гаргасан юм. Өнөөдөр худгийн усыг сургуулийн гал тогоо, хичээлийн байрны ариун цэврийн байгууламждаа ашиглаж байгаа аж.  Тус  сургуулийн захирал О.Гэрэлцэцэг “Сургууль худагтай болсноор хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэж байна. Мөн бага ангийн хүүхдүүд боловсон ариун цэврийн байгууламж ашиглах боломж бүрдсэн” хэмээн ярилаа. “Денан төсөл”-өөр ерөнхий боловсролын сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн клуб ямар үйл ажиллагаа явуулсан талаар “Энхийн үйлстэн” клубийн ахлагч 12А ангийн сурагч Э.Энхмөнх танилцуулав. Клубынхан өнгөрсөн хугацаанд Улаанбурхан зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Амилуулах суурь тусламж”, “Электрон тамхины хор хөнөөл” зэрэг сургалтуудыг сургуулийн эмчтэй хамтран зохион байгуулж, мэдээлэл өгөх, гарын авлага тараах ажлууд зохион байгуулжээ.

Төслийн багийнхан Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ, багийн эмч Б.Бадамцэцэг нарын хамт малчин Б.Хуягбаатарынд очиж, малчид эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авч байгаа талаар ярилцав. Багийн эмч Б.Бадамцэцэг тэдний нэг настай хүүхдийн товлолт вакцин, өсөлт хөгжлийн болон хооллолтын зөвлөгөөг эцэг эхэд нь өгсөн юм.

2026 оны 9 дүгээр сарын 19-нд Алтай хотод Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, “Денан төсөл”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол дахь төслийн зохицуулагч Шин Жийн нар Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбаттай уулзаж, тус аймагт хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн төслийн явц, үр дүнгийн талаар ярилцав.

  

Засаг дарга Г.Чинбат Хүүхдийг Ивээх Сангаас Говь-Алтай аймагт эрүүл мэнд, хүүхэд хамгаалалын чиглэлээр олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийлээд аймгийн зүгээс цаашид урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрээр мөн “2024-2028 оны Засаг даргын мөрийн хөтөлбөр” дэх эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө явц, үр дүн, ололтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Цээл суманд шүдний кабинет байгуулж өгөхийг хүслээ.

Түүнчлэн, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Туултай Алтай хотод 2026 оны 9 дүгээр сарын 18-нд уулзаж, Говь-Алтай  аймагт хэрэгжиж буй эрүүл мэндийн болон хүүхэд хамгааллын төслүүдийн үр дүн, ололтын талаар ярилцлаа.