“Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” төслийн хүрээнд чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа

Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх” төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь нэг жилийн хугацаатай үргэлжлэх бөгөөд Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн тээврийн хэрэгслийн үндэсний стандарт хангасан, туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн тогтворжуулах үйлчилгээ үзүүлэх, эхчүүд хүүхэд зориулсан төхөөрөмжөөр бзрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх юм. Түүнчлэн төслийн хүрээнд яаралтай тусламжийн үеийн оношилгоо, үнэлгээ, эмчилгээ, тээвэрлэлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг сайжруулахад чиглэсэн яаралтай тусламж үзүүлдэг багийг чадахжуулах сургалтууд шат дараатай зохион байгуулна.

 

Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч,багийн эмч, түргэний жолооч гэсэн яаралтай тусламж үзүүлдэг багийн гишүүдийг чадавхжуулах ээлжит сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 23-24-нд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран  амжилттай зохион байгууллаа. Эхний өдрийн сургалт ABCDE үнэлгээ ба өвчтөний эрэмбэлэлт, Анафилакси, түүнд авах арга хэмжээ, шок, түүнд авах арга хэмжээ, амилуулах суурь тусламж, амилуулах лавшруулсан тусламж, тархины харвалт, таталт, гипогликемийн үеийн тусламж, гэмтэл, ослын үед хөдөлгөөнгүйжүүлэлт ба аюулгүй тээвэрлэлт зэрэг сэдвийн хүрээнд, хоёр дахь өдрийн сургалт төрөх үеийн яаралтай тусламж, нярайн яаралтай тусламж, эмийн аюулгүй байдал, халдварын сэргийлэлт, 103 машины бэлэн байдал зэрэг сэдвээр боллоо.

Сургалтад оролцогчид алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж газар дээр нь үзүүлэх баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж , мэдлэг, ур чадвар, тусламжийн бэлэн байдлыг нэмэгдүүлж байгаагаараа их онцлог, чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж дүгнэж байна.