Баян-Өлгий аймагт “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч, ажилтан бэлтгэх сургалт боллоо

Хүүхэд, өсвөр үеийнхэн бие биеийнхээ сэтгэлийн зовуурийг хамгийн түрүүнд анзаарч мэддэг онцлогтой. Гэвч хэрхэн туслах ойлголт, туршлага бага тул насанд хүрэгчид тэдэнд найз нөхдөдөө туслахдаа юу хийх, юу хийхгүй байх, хэзээ, хаанаас хэрхэн дэмжлэг авах талаар зааж, чиглүүлэх шаардлагатай байдаг.“Би найзаа дэмжинэ” арга зүй нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үе тэнгийнхэн, найз нөхдөө хэрхэн хамгийн сайнаар дэмжих, түүнд нэмж хор хохирол учруулалгүйгээр хэрхэн сонсож, сэтгэл зүйн анхны тусламж (САТ) үзүүлэх тухай юм.

 

Энэхүү хөтөлбөрийг хүүхэд, өсвөр үеийнхэнд чанартай, аюулгүй хэрэгжүүлэх чадавхтай чиглүүлэгчдийг бэлтгэж, үе тэнгийн дэмжигч бэлтгэх сургалтыг төлөвлөн хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг оролцогчдод эзэмшүүлэх зорилгын хүрээнд Баян-Өлгий  аймагт  хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтан бэлтгэх сургалт 2026 оны 9 сарын 21-23-ны өдрүүдэд боллоо.

Сургалтыг нээж Аймгийн Боловсролын газрын дарга Х.Тойлыбай үг хэлсэн бөгөөд  Хүүхдийг Ивээх Сангийн “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн  ажилтнууд тус сургалтыг удирдан, зохион байгуулав.

Хөтөлбөрийн чиглүүлэгч болон хариуцсан ажилтан бэлтгэх сургалтад Өлгий сумын 2, 3, 4, 5-р сургууль, Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, дунд, ахлах анги хариуцсан багш нарын төлөөлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн, Боловсролын газрын хүүхдийг хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн, Өлгий сумын 5,6,9,13-р багуудын нийгмийн ажилтнууд, Өлгий сум, Сагсай сумын гэр бүлийн нийгмийн ажилтнууд оролцлоо.

 

 

Оролцогчид энэхүү сургалтад хамрагдсанаар “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн зорилго, агуулга, зорилтот бүлэг, хэрэгжүүлэх орчин, хүүхэд, өсвөр үеийнхэнд үзүүлэх үр өгөөжийн талаар ойлголт мэдлэг эзэмшин, хэрэгжилтийн үеийн ёс зүйн үндсэн асуудлуудыг тайлбарлах, сургалтын гарын авлагыг ашиглан үе тэнгийн дэмжигч бэлтгэх сургалтын үе шат, гол үйл ажиллагаа, хэрэгжүүлэх аргачлалыг тодорхойлж, сум орон нутгийнхаа нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөх, үе тэнгийн дэмжигчдийг сонгох, бэлтгэх, дэмжих, дагалдан чиглүүлэх төлөвлөгөө боловсруулах чадвартай болсон. Сургалтын төгсгөлд оролцогчдод чиглүүлэгч багшийн чадамжийн “Гэрчилгээ” гардуулав.

Дашрамд өгүүлэхэд, Хүүхдийг Ивээх Сан “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Хонконгийн Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Улаанбаатар хотын 3 дүүрэг болон Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нийт 18 ерөнхий боловсролын сургууль, 18 хамтарсан багт 2026-2028 онд хэрэгжүүлж байна. Уг төсөлд Баян-Өлгий аймгийн 2, 3 4, 5-р сургууль болон Сагсай сумын ерөнхий боловсролын сургуулиуд  хамрагдаж байгаа юм. Төслөөр хүүхэд хамгааллын практикт туршигдсан сайн туршлага, нотолгоонд суурилсан арга зүй, хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж, тогтвортой байдлыг хангах замаар хүүхэд бүр тэгш хүртээмжтэй, эрхийг нь дээдэлсэн орчинд суралцах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм.