Баянхонгор аймгийн хүүхэд, залууст хувь хүний ур чадвар энтрепренершип боловсрол олгох төсөл хэрэгжиж эхлэв
Баянхонгор аймгийн захиалгаар Эрдэнэ Монгол ХХК-ийн санхүүжүүлж Монгол дахь Хүүхдийг Ивээх сангийн хэрэгжүүлж буй “Баянхонгор аймгийн хүүхэд залууст хувь хүний ур чадвар, Энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийн хүрээнд ESEL зөвлөх/багш бэлтгэх сургалтыг Баянхонгор аймагт 2026 оны 9 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

ESEL багш бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн засаг даргын орлогч Б.Наранбаяр, Засаг даргын зөвлөх Д.Ууганцэцэг, Нийгмийн бодлогын хэлтэсийн дарга В.Наранчимэг, Боловсролын газрын дарга Л.Аюурзана, Нийгмийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн Б.Долгормаа, Эрдэнэ Монгол ХХК-ийн төлөөлөгч С.Батбаатар, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ESEL багш/зөвлөх бэлтгэх сургалтад Гэгээн сумади, Эрдэнэмандал, Төгс Алгоритм сургуулийн 30 гаруй багш хүсэлт илэрхийлснээс 16 багшийг ESEL сургалтын багш/зөвлөхөөр бэлтгэж сертификат гардуулав. Сургалтыг Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд болон ESEL мастер багш нар удирдан зохион байгуулав.
Ийнхүү ESEL зөвлөх/багшийг бэлтгэснээр Баянхонгор аймагт ESEL сургалт эхлэх бүрэн боломж бүрдэж Гэгээн сумади, Эрдэнэмандал, Төгс алгоритм сургуулийн суралцагч нар хувь хүний ур чадвар, энтрепренерийн мэдлэгээ тэлэх, өөрсдийн бизнес санаагаа бодит болгон туршиж хөгжих боломж бүрдэж буйгаараа онцлогтой. ESEL хөтөлбөрийг Баянхонгор аймагт амжилттай нутагшуулснаар хүүхэд залуусын хийгээд аймаг орон нутгийн боловсролын чанар, орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.
Орон нутгийнхаа хүүхэд залуусын төлөө зориулж буй оюуны хөрөнгө оруулалт хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Харилцан суръя, Хамтдаа бүтээе.


