“Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэлээ

Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн “Хөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулиудад “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сарын 21-24-нд “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалтыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа. Оролцогчид энэхүү сургалтад хамрагдсанаар хүүхэд, өсвөр үеийнхэнд тусламж хэрэгтэй найзаа таньж мэдэх, аюулгүйгээр дэмжих, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах ур чадварыг хөгжүүлэх сургалтыг чиглүүлэн зохион байгуулах чадвар эзэмшсэн юм.

 

Сургалтад оролцогчдын сэтгэгдлээс хүргэж байна.

Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сэтгэл зүйч Д. Алтансолонго: Ойрд ингэж оролцоонд жинхэнэ утгаараа суурилсан утга учиртайгаар өөрөө оролцсон сургалтад оролцоогүй удсан байна. Сүүлийн 2-3 жил танхимд багш заадаг, оролцогчид сонсдог зарчимд суурилсан сургалтад л хамрагдаж байсан. Энэ бүхнийг эргэн санахад оролцооны сургалтад суугаагүй удсан нь өөрийн нөөц, ямар ямар ур чадварууд байгаа билээ, хүүхдүүдэд хэрхэн яаж хүргэх билээ гэдгээ эргэцүүлэн олон улсын туршлагаас суралцсан сургалт байлаа. Оролцогч бүр аюулгүй, айдасгүй, түгшүүргүй мэдрэмж авч чадсан байх гэж ажигласан. Миний хувьд сургалтад нээлттэй, чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чадсан. Хэн намайг юу гэж хэлэх бол гэдэг бодлоор биш илүү их оролцох ёстой, илүү их суралцах ёстой гэдэг дээр төвлөрч оролцож чадсан. Сургалтын үеэр уйдах зав байсангүй. Энэ сургалт цаг үеэ олсон, нэгэн зорилгын дор нэгдэж чадсан гоё сургалт байлаа.

Ерөнхий боловсролын 2 -р сургуулийн багш С.Отгонтуяа: Би монгол хэлний багш мэргэжилтэй учраас надад энэ сургалт их хол хөндий байх болов уу гэж бодсон. Хэдийгээр анги удирддаг ч гэсэн ангийнхаа хүүхдүүдийг л зөвхөн ажиглаад хэн нэгийг нь эрсдэлд оруулчихгүй юмсан гээд л ажиглаад явдаг байсан. Эрсдэлт бүлгийн хүүхдүүдтэй ажиллах ажлыг нийгмийн ажилтан эсвэл сэтгэл зүйчийн хийх ажил гэж ойлгож байсан. Харин энэ 2 өдрийн сургалтад сууснаар маш их зүйл ойлгож мэдэж авлаа. Сургуулийнхаа олон багшаас сургалтад оролцож чадсанаараа азтай байна гэж бодлоо. Хичээл орж байхад сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд их байдаг. Тэр хүүхдүүдийг ангийн багшид нь хэлэхээр хов зөөгөөд байгаа юм шиг, нууцыг нь задруулсан болоод байгаа юм шиг хэнд хандахаа мэдэхгүй байдаг байсан бол энэ сургалтад хамрагдсанаар учраа олчихлоо. Үр өгөөжгүй сургалт гэж байдаггүй. Сургалт бүр л үр өгөөжтэй байдаг. Ийм сайхан сургалт зохион байгуулсан багш нартаа баярлалаа.

Ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш Э.Буд: Өнгөрсөн жил анги удирдан ажиллах явцад нэг сурагчаа сайн ажиглаагүй, сонсоогүй, чиглүүлээгүй тохиолдол байгаа. Энэ сургалтад сууснаар хүүхдүүдтэй хэрхэн ажиллах, ажиглах, ярилцах, чиглүүлэг өгөх талаар сайн мэдээлэл авлаа. Хүнд хэцүү нөхцөлд байгаа хүүхдүүдтэй ажиллах арга зүйгээ олж авлаа. Одоо сургуулийнхаа анги удирдсан бусад багш нарт мэдээллээ түгээмээр санагдлаа.

Ерөнхий боловсролын 2 -р сургуулийн багш А. Энхжаргал:Би Ханбогд суманд ирж ажиллаад нэг сар болж байгаа. Хамгийн анхны сургалт нь энэ. Хүүхэд асуудал бэрхшээлтэй тулгарахаараа найздаа л хэлдэг, бие биеэ сайн ойлгодог, дэмждэг. Хүний сэтгэл зүйн асуудал их чухал болж байгаа. Сургалт онол, практик хосолсон үр дүнтэй сургалт байлаа. Энэ сургалтын арга зүйг маш олон хүнд хүргэмээр байна. Гэмт хэрэгт өртсөн болон өртөх эрсдэлтэй хүмүүстэй ажиллах нэг шийдэл нь гэж бодож байна. Анх удаа “Би найзаа дэмжинэ” гэдэг төсөл байдгийг мэдлээ. Цаашид хамтдаа ажиллаж туршлагаа солилцоно гэж бодож байна.

Ханбогд сумын Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан Ц.Нэрзул: Би бүх ажлаа хойш тавиад бүтэн 2 өдрийн сургалтад сууна гэхэд анх их эргэлзээ төрж байлаа. Гэвч сургалт их үр өгөөжтэй байсан. Маргаашийн сургалтаар юу заах бол гэсэн хүлээттэй байсан. Миний хувьд хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнтэй ажилладаг учраас маш их арга зүй, мэдлэг мэдээлэл авч чадлаа. Сургалтад идэвхтэй оролцсон ангийнхандаа маш их баярлалаа.

Хүүхэд, өсвөр үеийнхэн бие биеийнхээ сэтгэлийн зовуурийг хамгийн түрүүнд анзаарч мэддэг онцлогтой. Гэвч хэрхэн туслах ойлголт, туршлага бага тул насанд хүрэгчид тэдэнд найз нөхдөдөө туслахдаа юу хийх, юу хийхгүй байх, хэзээ, хаанаас хэрхэн дэмжлэг авах талаар зааж, чиглүүлэх шаардлагатай байдаг. “Би найзаа дэмжинэ” арга зүй нь хүүхэд, өсвөр үеийнхэнд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон үе тэнгийнхэн, найз нөхдөө хэрхэн хамгийн сайнаар дэмжих, түүнд нэмж хор хохирол учруулалгүйгээр хэрхэн сонсож, сэтгэл зүйн анхны тусламж (САТ) үзүүлдэг.