Баянзүрх дүүргийн 167-р цэцэрлэг, “Энх-Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд тусгай хэрэгцээтэй иргэн, хүүхдийг дэмжих дэд бүтцийн засварын ажил гүйцэтгэж, хүлээлгэн өглөө
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сараас Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслөөр зорилтот орон нутагт тусгай хэрэгцээтэй бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгож байгаа юм.
Засварын ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийн 4 ангийн ариун цэврийн өрөөнд тусгай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан зориулалтын угаалтуур, суултуур, туслах бариулыг шинээр гүйцэтгэж, 2026 оны 10 дугаар сарын 6-нд хүлээлгэн өглөө. Энэ засварын ажлыг хүлээлгэж өгөх ёслолын үеэр Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Куоки Харада үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ удаагийн засварын хүрээнд цэцэрлэгийн ариун цэврийн өрөө, налуу зам зэргийг шинэчлэн заслаа. Энэ бол зүгээр нэг барилга байгууламжийн засварын ажил биш юм. Өмнө нь тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан дэд бүтцийн тоноглол байхгүй учраас хүндрэлтэй талууд байсан. Одоо эдгээр хүүхдүүд цэцэрлэгтээ ирж хэрэгцээтэй тусламж үйлчилгээ авах боломж бүрдлээ” гэж онцлов.

Мөн Японы Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын хөтөлбөрийн зохицуулагч Акане Накамура “Засварын ажлаар цэцэрлэгийн ангиудын ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур, шат болон коридорт бариул суурилуулах, хаалганы довжоог зорчих боломжтой болгож налуу хавтан угсрах зэрэг засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр ажлыг амжилттай дуусгаж, өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч байгаадаа бид баяртай байна. Хүүхэд бүрд хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь тэгш оролцоог хангасан нийгмийг бий болгох анхдагч алхам гэж бид үздэг. Хүртээмжтэй орчин нь хүн бүрд тэгш боломжийг нээдэг. Ингэснээр хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчилгээг аюулгүй, бие даан авахын зэрэгцээ нийгмийн амьдралд тэгш оролцох боломж бүрдэнэ” хэмээн хэллээ.

Баянзүрх дүүргийн 167 дугаар цэцэрлэгийн авъяаслаг багачууд зочдод сурсан дуу, бүжгээ сонирхуулсан юм. Мөн тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа элчин сайдын яамны болон төсөл хэрэгжүүлэгчдэд засвар хийсэн цэцэрлэгийн анги танхимаа танилцуулав.
Үүний дараа нийслэлийн Баянзүрх дүүргийн “Энх-Энэрэл” Өрхийн эрүүл мэндийн төвд тусгай хэрэгцээтэй иргэд, хүүхдэд зориулсан дэд бүтцийн байгууламжийг хүлээлгэн өгөв.
Япон улсын Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Куоки Харада энэ үеэр хэлсэн үгэндээ “Япон улсаас Монголд үзүүлж байгаа тусламжийн хувьд тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь нэн тэргүүний чухал зорилт байдаг. Энэ төсөл тэрхүү зорилтын хүрээнд хэрэгжиж байна. Тусгай хэрэгцээт хүмүүсийн хэрэгцээтэй орчин бүрдүүлж ажиллаж байгаад туйлын баяртай байна” гэж хэлэв.

Харин Японы Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын хөтөлбөрийн зохицуулагч Акане Накамура “Энэ өрхийн эмнэлэг нь бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үед нь үзүүлэх дэмжлэг, туслалцааг сайжруулахад чиглэсэн төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх бидний чухал түнш юм. Ирэх саруудад бид эрт илрүүлэг, дэмжлэгтэй холбоотой мэдлэг, арга зүй, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх сургалт, туршлага солилцох үйл ажиллагааг та бүхэнтэй хамтран үргэлжлүүлнэ” гэж тодотгов.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Энх-Энэрэл” ӨЭМТ-ийн дарга С.Саруултөгс зочдод засвар хийсэн орчинг танилцууллаа. Тэрээр “Бид Баянзүрх дүүргийн 9-р хорооны 8045 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Төслийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн гадна талын хаалганд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд болон иргэдэд зориулсан налуу замууд бариулын хамт хийгдсэн байгаа. Мөн ариун цэврийн өрөөний угаалтуур болон суултуурын туслах тоноглол, хаалгануудад налуу хавтан, коридорт туслах бариулууд хийгдсэн. Үүнээс гадна нэг эмч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Танака-Бине оюун ухааны сорил авагч бэлтгэх сургалтад хамрагдаж, сертификат авсан” хэмээн ярилаа.

