“Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт Улаанбаатар хотод боллоо
–Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Сайн эцэг эх” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ-
Хүүхдийг Ивээх Сангаас “Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалтаар хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хүмүүжлийн эерэг арга барилаар өсгөн хүмүүжүүлэх мэдлэг, ур чадварыг олон нийт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд зохион байгуулах сургагч багш нарыг бэлтгэх юм.
Сургалтыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. Эхний сургалт 2026 оны 10 дугаар сарын 13-14-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын хурлын танхимд болж, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Төв аймгаас нийт 30 гаруй хүн хамрагдлаа.

Сургалтыг нээж Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай үг хэллээ. Тэрээр “Өнөөдрийн цаг үед эцэг эхийг зөв чиглүүлэх, хүүхэдтэйгээ зөв харилцах ойлголт мэдлэгийг нь олон улсын сайн туршлага дээр суурилуулж өгсөн хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг орон даяар бүх эцэг эхэд хүргэх зорилготой ажиллаж байна. Та бүхэн эндээс сурсан зүйлээ түгээн дэлгэрүүлэх чухал үүрэгтэй байгаа” хэмээн хэллээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ жил нийслэлд 540 мянган хүүхэд суралцаж байна. Нэг сая гаруй эцэг эх байна. Эдгээр хүмүүс сайн эцэг эх байхын тулд суралцаж, хөгжвөл боловсролын болон хүүхдүүдийн сайн сайханд хэрэгтэй. Хөтөлбөрийг түгээхэд нийслэлийн Боловсролын газар бүх талаас анхаарч, хичээж ажиллана” гэж онцлов.

“Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт нийслэлээс гадна Сүхбаатар, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймагт болсон юм.
“Гэр бүлийн мөрөөдөл ба асран хамгаалагч өөрийгөө халамжлах нь”, “Гэр бүлийн мөрөөдөл ба асран хамгаалагч өөрийгөө халамжлах нь”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал”, “Хүмүүжлийн эерэг арга, хандлага”, “Хүүхэдтэй элэгсэг дотно сэтгэлээр харилцах, удирдан чиглүүлж, аливааг ойлгуулах” зэрэг бүлэг сэдвүүдээр сургалт явагдлаа.

