“Сайн эцэг эх” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх зүүн бүсийн сургалт Сүхбаатар аймагт боллоо
Хүүхдийг Ивээх Сангаас “Сайн эцэг эх” хөтөлбөр хэрэгжүүлэх бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт зохион байгууллаа. Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан А/305, А/172 дугаар тушаалаар хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Сайн эцэг эх” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр баталгаажуулсан юм.
Сүхбаатар аймагт 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн “Сайн эцэг эх” хөтөлбөрийн чиглүүлэгч багш бэлтгэх сургалт боллоо. Сургалтыг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Т.Хурцбаяр нээж, үг хэллээ.

Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Э.Оюунмаа, “Сайн эцэг эх” хөтөлбөрийн үндэсний сургагч багш Нийслэлийн боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, мэргэжилтэн А.Саруул нар сургалтыг удирдан явуулав. Сүхбаатар аймагт зүүн бүсийн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 15 хүн “Сайн эцэг эх” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ. Эдгээр сургагч багш нар орон нутагтаа эцэг эх, асран хамгаалагч нарт сургалт хийх юм.Дорнод аймгийн ХГБХХГ-ын мэргэжилтэн Э.Мөнхдэлгэр “ Энэ сургалтаас хүүхдээ эерэг аргаар хүмүүсүүжлэх шинэ мэдлэг, мэдээлэл авлаа. Арга зүйг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлж дадал болгохоор цаашлаад аймгийнхаа эцэг эх, асран хамгаалагч бүрд хүргэж ажиллах хүсэлтэй байна. Бид энэ онд болон ирэх 2027 онд сургалтаа түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөө гарган ажиллах болно” хэмээн ярилаа.

Хэнтий аймгийн орон нутгийн сургагч багш нар “Бид “Сайн эцэг эх” сургалтад орон нутгийн сурагч багшаар бэлтгэгдсэндээ маш их баяртай байна. Энэхүү сургалт нь хүүхдээ зөв ойлгох, чин сэтгэлээсээ сонсох, хайрлах, хүүхдэдээ аюулгүй гэдгийг мэдрүүлэх, хүндлэх, үйлдлээрээ үлгэр дуурайл болох, шийдвэрийг яаж эерэгээр гаргах талаар сурч авлаа. Хүүхэдтэй элэгсэг дотно харилцаж аливааг ойлгуулахад удирдан чиглүүлж аливааг ойлгуулснаар хүүхдийн хөгжил, хүмүүжилд эцэг эхийн оролцоо ямар чухал болохыг ойлгоход үнэтэй хувь нэмэр орууллаа. Орон нутгийн түвшинд бид сургуулийн нийгмийн ажилтан болон аймгийн ХГБХХГ-ын гэр бүлийн нийгмийн ажилтанд чиглүүлэгч багш бэлтгэх сургалт зохион байгуулж эцэг эх асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлж ажиллахад идэвх санаачлага гаргаж манлайлан ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт Улаанбаатар хот, Сүхбаатар, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймагт болсон юм.

