“Сайн эцэг эх” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх төвийн бүсийн сургалт Дархан-Уул аймагт боллоо
Хүүхдийг Ивээх Сангаас “Сайн эцэг эх” хөтөлбөр хэрэгжүүлэх бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт зохион байгууллаа. Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хамтарсан А/305, А/172 дугаар тушаалаар хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх “Сайн эцэг эх” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр баталгаажуулсан юм.
Дархан-Уул аймагт 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд сургалтад төвийн бүсийн буюу Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын Боловсролын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын мэргэжилтнүүд нийт 31 хүн хамрагдаж, “Сайн эцэг эх” хөтөлбөрийн сургагч багшаар бэлтгэгдлээ.

Хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр эцэг эх, асран хамгаалагчдын хүүхэд хүмүүжүүлэх талаарх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл болон доромжлон гутаасан харилцааг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Түүнчлэн гэр бүлийн гишүүдийн харилцан хүндэтгэл, ойлголцол, хамтын шийдвэр гаргалтыг дэмжиж, хүүхэд бүрийг хүчирхийлэлгүй, аюулгүй, халамж дүүрэн орчинд өсөж хөгжихөд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
“Сайн эцэг эх” хөтөлбөрийн бүсийн сургагч багш нар бэлтгэх сургалт Улаанбаатар хот, Сүхбаатар, Ховд, Дархан-Уул, Өвөрхангай аймагт болсон юм.

