ESEL хөтөлбөрийг орон нутгийн дэмжлэгээр тогтвортой хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцлаа

Хүүхдийг Ивээх Сан болон Ховд, Өвөрхангай, Баянхонгор аймгийн удирдлага, холбогдох байгууллагуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахим уулзалт зохион байгуулж, Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийг орон нутгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй туршлага, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. Уулзалтад гурван аймгийн Засаг даргын орлогч нар, ESEL хөтөлбөрийн аймгийн зөвлөлийн ажлын хэсгийн ахлагч, гишүүд, хамтрагч байгууллагуудын төлөөлөл болон Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч, ажилтнууд оролцов.

Уулзалтыг Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч М.Батзориг, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар нээж үг хэллээ.

   

Энэ үеэр Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа ESEL хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүнг танилцуулж, хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний хөгжил, дэвшил болон орон нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ. Мөн хөтөлбөрийг орон нутгийн түншлэл, санаачилгад тулгуурлан тогтвортой үргэлжлүүлж, цаашид өргөжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуримтлуулсан туршлагаа хуваалцах, холбогдох чиг үүргийн байгууллагуудын манлайлал, санаачилгыг нэмэгдүүлэх нь чухал болохыг онцлов.

Мөн Ховд, Өвөрхангай аймгийн төлөөлөл хөтөлбөрийг орон нутгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлж буй үйл явц, цаашдын хамтын ажиллагааны талаар,  Баянхонгор аймаг ESEL хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж эхэлсэн туршлагаа хуваалцаж, цаашид өргөжүүлэх боломж, зорилтын талаар хэлэлцлээ.

Ховд аймаг: Орон нутгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлж байна

Ховд аймаг Хүүхдийг Ивээх Сантай санамж бичиг, хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд ESEL хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлж байна. Түүнчлэн суралцахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ESEL арга зүйг ерөнхий боловсролын сургууль, насан туршийн суралцахуйн нэгжүүдэд нэвтрүүлж, хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд өргөжүүлэн ажиллаж байна.

 

Өвөрхангай аймаг: ESEL хөтөлбөрийг хүний хөгжлийн брэнд хөтөлбөр болгоно

Өвөрхангай аймаг ESEL хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх, орон нутгийн онцлогт нийцүүлэн нутагшуулах зорилт тавин ажиллаж байна. Насан туршийн суралцахуйн төвүүдийн сургалтад хамрагдсан залуучуудыг ESEL хөтөлбөрөөр дамжуулан бэлтгэж, гарааны бизнест оролцохыг боломжийг нь дэмжинэ. Аймгийн зүгээс хүүхэд, залуучуудад амьдралд шаардлагатай суурь ур чадвар эзэмшүүлэх энэхүү хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн хүний хөгжлийн суурь хөтөлбөр, орон нутгийн брэнд хөтөлбөр болгон хөгжүүлэх алсын хараатай байгаагаа илэрхийллээ.

Баянхонгор аймаг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ESEL хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Баянхонгор аймаг ESEL хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлж эхэлсэн туршлагаа танилцуулж, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлэх талаар санал солилцов. Тэрээр энэхүү ESEL хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг олгосон Хүүхдийг иэвээх сангийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.

Баянхонгор аймгийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан туршлагыг бусад аймагтай хуваалцах, харилцан суралцах зорилгоор 2027 оны 05 сард тус аймагт туршлага солилцох семинар зохион байгуулахаар тохиролцлоо.

Уулзалтаар ESEL хөтөлбөрийг орон нутгийн түвшинд тогтвортой үргэлжлүүлэхэд аймаг, сумын удирдлагын манлайлал, боловсролын байгууллагуудын оролцоо, насан туршийн суралцахуйн төвүүдийн дэмжлэг, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Энэ уулзалт нь аймгууд ирэх оны төсөв, төлөвлөгөөгөө хэлэлцэж буй үетэй давхцаж байгаа нь ESEL хөтөлбөрийн цаашдын хэрэгжилт, санхүүжилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход стратегийн ач холбогдолтой байлаа.

Хүүхдийг Ивээх Сан нь болон орон нутгийн удирдлага, төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа нь хүүхэд, залуучуудын хувь хүний ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутгийн нөөц боломжид тулгуурласан тогтвортой хөгжлийн загвар бий болгож, амжилттай туршлагыг бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх (ESEL) хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхдийг Ивээх Сангийн цахим хуудаснаас дэлгэрүүлэн үзэх боломжтой.