“Дохионы хэлний ахисан шатны мэдлэг олгох, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинжтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй” сургалт боллоо
Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийг 2024 оны 3 дугаар сарын 30-наас Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Энэхүү төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, цэцэрлэг) түшиглэн бий болгох юм. Мөн амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн төрийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлнэ.
Төслийн хүрээнд “Цэцэрлэгийн багш нарт зориулсан дохионы хэлний ахисан шатны мэдлэг олгох, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинжтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй сургалт” сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 26-29-нд зохион байгууллаа. Сургалтад төслийн зорилтот Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Сэлэнгэ аймгийн цэцэрлэгүүдийн багш нар хамрагдав.

Сургалтад хамрагдсан нийслэлийн 81-р цэцэрлэгийн бүлгийн багш З.Халиунаа “Би энэ сургалтад 2 дахь удаагаа хамрагдаж байгаа. Өмнө нь дохионы хэл сурсан. Энэ жилийн сэдвүүд дотроос хэл заслын хичээл нэлээд сонирхолтой байлаа. Сургалтууд онол, дадлага хосолсон байдлаар явагдсан. Шинэ мэдлэгүүд сурч авсан” гэж ярилаа.
Мөн Баянхонгор аймгийн 16-р цэцэрлэгийн багш Х.Хэнчяахав “Цэцэрлэгийн багш нарт ийм сургалтын хэрэгцээ шаардлага их бий. Эндээс сургалтад ашиглах олон талын мэдлэг олж авлаа. Өмнө нь дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдаж, аймагтаа сургалт явуулж байсан. Энэ удаа ахисан шатны сургалтад хамрагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Нийслэлийн 63-р сургуулийн хэл засалч багш Б.Отгончимэг “Цэцэрлэгийн багш нар тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүйг мэдэж байх ёстой. Тиймээс багш нар сурахад цаг заваа гаргаж байгаад талархаж байна. Багш нар маш их идэвхтэй оролцлоо. Сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй ажиллахад тохирсон мэдлэгийг багш нар эзэмшсэн” гэж хэлэв.

“Дохионы хэлний ахисан шатны мэдлэг олгох, аутизмын хүрээний эмгэг, дауны хам шинжтэй хүүхдийг хөгжүүлэх арга зүй” сургалт нь оюун ухааны бэрхшээл, дауны хам шинжийн талаарх ойлголт, дэмжлэг, дауны хам шинжтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, үнэлгээ, аутизмын хүрээний эмгэгийн ойлголт, шинж тэмдэг, үнэлгээ, аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүй, Зан үйлийн хүндрэлийн шалтгаан, хэлбэр, ажиглалт, дохионы хэлний үндсэн ойлголт, цагаан толгой, өдөр тутмын харилцааны дохио, мэдрэхүйн боловсруулалт, мэдрэхүйн хэрэгцээг үнэлэх, авиан дуудлагын өөрчлөлттэй хүүхэдтэй ажиллах арга зүй зэрэг сэдвээр онол, дадлага хослуулсан хэлбэрээр явагдсан юм.


