Бат-Өлзий сумын иргэдэд түргэн тусламжийн автомашин хандивлав

БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл” хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд БНСУ-ын иргэдээс Монгол Улсын Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдэд иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай түргэн тусламжийн автомашин хандивлав. Автомашин хандивлах ёслол 2026 оны 11 дүгээр сарын 3-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд боллоо. Соёлын төвд болсон ёслолыг нээж, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Орхонтуул нар үг хэлэв.

 

Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай: Бат-Өлзий суманд “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл” хэрэгжүүлж эхэлснээс хойш олон сургалт зохион байгуулсан. Энэ төсөл хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой. Бат-Өлзий сумын хувьд бартаа саад ихтэй замтай. Тиймээс туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг Солонгосын ард түмний дэмжлэгээр гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байна.

Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал:Энэ автомашин бол Солонгосын ард түмний халуун сэтгэлийн тусламж, хамтын ажиллагааны үр дүн юм. Хөдөөгийн алслагдсан сумын иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн хугацаанд чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд туулах чадвартай, иж бүрэн тоноглосон автомашин маш том хувь нэмэр оруулах болно. Хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт бүхэн үржин дэвжих болтугай.

Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Орхонтуул:БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн төслийн хүрээнд түргэн тусламжийн автомашин хандивлаж байгаад хэрэгжүүлж, хувиасаа болон ард иргэдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлж байна. “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл”-ийн хамт олонд амжилт ажлын амжилт хүсье.

Ёслолын үеэр Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн ажилтнууд “Миний ардын сэтгэл цагаан”  дуугаар, Ө.Наянтай морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлэв.

 

Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвөөс өнөөгийн нөхцөл байдлынхаа талаар хүрэлцэн ирсэн зочдод танилцууллаа. Мөн Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа “Алслагдсан нутгийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж хүргэх төсөл” болон түргэн тусламжийн автомашин, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн автомашин хандивлах, ашиглах гэрээнд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Хүүхдийн ядуурлын хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, Бат-Өлзий сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ганчулуун нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. БНСУ-ын ард түмний халуун сэтгэл, өгөөмөр дэмжлэгийн илэрхийлэл болсон автомашины хандивын гэрчилгээг Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Орхонтуулд гардуулав.

Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ж.Ганчулуун, ахмад эмч н.Чимгээ, ахмад сувилагч Ш.Баасансүрэн, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал Г.Дашжанцан, Өвөрхангай аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ю.Ичинноров, Ерөнхий санхүүч Б.Валя, Бат-Өлзий сумын малчин Н.Ононтуул, иргэн н.Хишигсүрэн, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 8-р ангийн сурагч Э.Амин-Эрдэнэ нар баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан иж бүрэн тоноглосон шинэ автомашин сумынн эмнэлэгт нэн хэрэгцээ шаардлагатай байдаг талаар ярьж, хувиасаа автомашинд хиймэл дагуулын интернэтийн Старлинк төхөөрөмж хандивлав. Өвөрхангай аймгийн ЭМГ-аас энэхүү төхөөрөмжийн сар бүрийн төлбөрийг төлөх болсныг Ерөнхий санхүүч Б.Валя танилцуулсан юм.

Үүний дараа Соёлын төвийн гадаа автомашиныг Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, түлхүүр гэрчилгээг ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Ганчулуунд хүлээлгэн өглөө. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай автомашинд сайн сайхны бэлгэдэл болгон Монгол заншлаар хадаг уясан юм.

Ёслолын үйл ажиллагаанд Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, төрийн байгууллагынхан, Монгол дахь Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнууд, Бат-Өлзийн сумын малчид, иргэд, сурагчдын төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцлоо.

 

Энэхүү автомашиныг хүлээлгэн өгсөн өдөр дуудлагад явж, жирэмсэн эмэгтэйг аймгийн төвд хүргэн, эсэн мэнд төрүүлсэн байна. Түүнчлэн гүн хордлогод орсон иргэнийг төвд хүргэн амь насыг нь аварчээ.

Тодруулга: Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт, Улаанбаатар хотоос 450  км, аймгийн төвөөсөө 140 км зайтай байрладаг. Нийт 7575 хүн амтай. Үүнээс 0-5 насны 796, 6-14 насны 1650, 15-18 насны 564 хүүхэдтэй. Ерөнхий боловсролын 2 сургуультай.