ӨВӨЛ, ХАВРЫН ЭХЭН ҮЕИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ЭРСДЭЛЭЭС ХҮҮХДИЙГ ХАМГААЛЪЯ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт, өөрчлөлт нь Цагаан сарын үеэр болон түүний дараа хурдан морины уралдаан зохион байгуулах, улмаар 14-17 насны хүүхдийг унаач хүүхдээр оролцуулах гэж байгаад Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр маш их санаа зовниж байна. Энэхүү өөрчлөлтөөр Монгол оронд өвлийн хүйтэн, цас, мөс, халтиргаа гулгаа болон бартаатай замын эрсдэл хэвээр байдаг жилийн эхэн үед хүүхдээр хурдан морь унуулж уралдуулах боломжийг нээж болзошгүй байна. Ингэснээр хүүхэд хамгааллын чиглэлээр өмнө хүрсэн чухал ололт амжилтаас ухарч, хүүхдүүд өвөл, хаврын эхэн үеийн хурдан морины уралдааны аюулд дахин өртөх эрсдэлтэй болж буй нь бидний гол болгоомжлол юм.
Хүүхдийг Ивээх Сан нь 1994 оноос Монгол Улсад хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын хувьд хүүхдийн эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, хөгжих эрхийг тууштай хамгаалан ажиллаж ирсэн юм. Хурдан морины уралдаантай холбоотой эрсдэлт нөхцөлөөс унаач хүүхдийг хамгаалах нь бидний олон жилийн хүүхдийн эрхийн нөлөөллийн ажлын чухал хэсэг байсаар ирсэн билээ.
Монголын үндэсний өв соёлын салшгүй хэсэг болсон уламжлалт хурдан морины уралдааны соёл, түүхэн ач холбогдлыг бид хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Энэхүү үнэт уламжлалаа хадгалан хамгаалах үйл хэрэг нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах үйлстэй салшгүй уялдах ёстой гэж бид үзэж байна.
Хүрсэн ололт амжилтаа хамгаалах нь
2017-2018 онд Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид болон бусад түншүүдтэй хамтран хүүхдийг ноцтой эрсдэлд оруулж байсан өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааныг зөвшөөрсөн төрийн шийдвэрүүдийг эсэргүүцэн ажилласан. Эдгээр хамтын хүчин чармайлтаар чухал шийдвэрүүд гарч, улмаар 2019 оны Засгийн газрын 57 дугаар тогтоол зэрэг хүүхдийг хамгаалах хязгаарлалтыг чангатгасан шийдвэрүүд хэрэгжсэн юм. Өвөл, хаврын эхэн үеийн хурдан морины уралдаанд хүүхэд оролцохыг хязгаарласан нь олон жилийн хамтын нөлөөлөл, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хүүхэд хамгааллын томоохон ололт байлаа. Энэхүү ахиц дэвшлийг ухрааж болохгүй. Хүүхэд хамгааллын одоо мөрдөж буй зохицуулалтыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сулруулах бус, хэвээр хадгалж, цаашид улам бэхжүүлэх шаардлагатай.
Хүйтний улирлын хурдан морины уралдааны эрсдэлээс хүүхдийг хамгаалах нь
Холын зайн хурдан морины уралдаан нь өндөр хурд, бартаатай зам зэрэг олон эрсдэл дагуулдаг. Монголын өвөл, хаврын эхэн үеийн хахир хүйтэн, мөстсөн гадаргуу, хүчтэй салхи нь унаач хүүхэд мориноос унах, хүнд гэмтэх, осгох болон эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Western Pacific Surveillance and Response Journal” сэтгүүлд 2025 онд нийтлэгдсэн, гэмтлийн үндэсний тандалтын мэдээлэлд тулгуурласан судалгаагаар хүүхдүүдийн дунд морь болон бусад мал амьтан унахтай холбоотой гэмтэл, тэр дундаа уралдаан хязгаарласан улиралд ч ийм гэмтэл гарсаар байгааг тогтоожээ. Уг судалгаанд хурдан морины уралдаанаас гадна мал амьтан унах бусад үйл ажиллагаа болон илүү өргөн насны бүлгийг хамруулсан ч гарсан үр дүн нь хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, аюулгүй байдлын үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийн чухлыг харуулж байна.
Хэдийгээр хамгаалах хэрэгсэл, даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээ чухал боловч, ялангуяа цаг агаарын эрс тэс нөхцөлд холын зайн хурдан морины уралдаанаас үүдэх аюулыг бүрэн арилгаж чадахгүй.
Хүүхдийн эрх, хөгжилд учрах эрсдэлийг бууруулах нь
Хурдан морины уралдаанд оролцохын тулд хүүхэд бэлтгэл сургуулилт хийхэд цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог бөгөөд энэ нь хүүхдийн хичээлийн ирц, амралт, хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.
Түүнчлэн хүүхэд зохион байгуулалттай, өрсөлдөөнт хурдан морины уралдаанд унаачаар оролцох нь хөдөлмөрийн аюултай хэлбэртэй холбоотой ноцтой асуудлыг хөнддөг. Ялангуяа мөнгөн урамшуулал, арилжааны ашиг сонирхол нөлөөлөх үед хүүхэд дарамтад орох, мөлжлөгт өртөх эрсдэлтэй. Энэхүү мэдэгдэлд өвөл, хаврын эхэн үеийн уралдааны нэмэлт эрсдэлийг онцлон авч үзэж байгаа хэдий ч НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцын дагуу хүүхдийг аюултай хөдөлмөр, эдийн засгийн мөлжлөгөөс хамгаалах Монгол Улсын үүрэг чухал хэвээр байгаа.
Хууль тогтоох үйл явцад одоо болон өмнө нь хурдан морь унаж байсан хүүхдүүдийг оролцуулан хүүхдүүдтэй аюулгүй, бодитой хэлбэрээр зөвлөлдөж, тэдний санал бодлыг чин сэтгэлээсээ харгалзан үзэх ёстой. Гэхдээ хүүхдийг аюултай үйл ажиллагаанаас хамгаалах үндсэн үүрэг төрд хэвээр үлдэнэ.
Хариуцлагатай шийдвэр гаргахыг уриалж байна
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хандан Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулах аливаа нэмэлт, өөрчлөлт нь өвөл, хаврын эхэн үеийн хурдан морины уралдаанаас хүүхдийг хамгаалах чиглэлээр хүрсэн ахиц дэвшлийг алдагдуулахгүй байхыг уриалж байна.
Шийдвэр гаргагчид өвөл, хаврын эхэн үеийн цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулснаар гарч болзошгүй үр дагаврыг нухацтай үнэлж, хүүхдийн эрх, хамгаалалд үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээ хийж, хуульд оруулах аливаа өөрчлөлтийг Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, олон улсын хүүхэд хамгааллын үүрэг амлалтад нийцүүлэхийг бид уриалж байна. Ийм шийдвэрийг найдвартай нотолгоо, хүүхдүүд, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн бодитой зөвлөлдөх үйл явцад үндэслэн гаргах шаардлагатай юм.
Бидний цаашдын тууштай байр суурь
Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь хүүхдийн эрх, сайн сайхан байдлыг хамгаалахын төлөө Засгийн газар, Улсын Их Хурал, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах үйл явцаа үргэлжлүүлнэ. Монголын хурдан морины баялаг уламжлалыг хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг хамгаалсан хэлбэрээр өвлүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой бөгөөд тэгэх ч ёстой юм.
Монгол Улс өвөл, хаврын эхэн үеийн хурдан морины уралдааны эрсдэлээс хүүхдийг хамгаалах чиглэлээр чухал ахиц гаргасан. Энэхүү ахиц дэвшлээс ухарч болохгүй. Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал болон эрх ашгийг дээдлэн хамгаалах нь ямагт нэн тэргүүний зорилт байх ёстой.

