“Хөнгөн цүнх”-ээр сурагчдын сэтгэл зүйн ачааллыг хөнгөлнө
Хүүхдийг Ивээх Сан “Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан”-гийн “Хөгжил, Оролцоо, Түншлэл” хөтөлбөрийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын хоёр сургуульд “Би найзаа дэмжинэ” төсөл хэрэгжүүлж байгаан билээ. Ханбогд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 25 сурагч “Би найзаа дэмжинэ” хөтөлбөрийн үе тэнгийн дэмжигч болсон юм. Эдгээр сурагчид гурван багт хуваагдаж, “Light up”, “Соёлтой орчин сурагч танаас”, “Хөнгөн цүнх” гэсэн гурван бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Эдгээрээс “Хөнгөн цүнх” төслийн түүхийг онцлон танилцуулж байна.
“Хөнгөн цүнх” төслийн санаа
Энэхүү төслийг сурагч Х.Хулан, Г.Мөнхнаран, Г.Чинжаргал, У.Ган-Очир нарын баг хэрэгжүүлж, чиглүүлэгчээр түүх, нийгмийн ухааны багш А.Энхжаргал ажилласан байна. Уг төслөөр сургуулийнхаа 7-8 дугаар ангийн хүүхдүүд өөрийгөө халамжлах, найзаа ойлгож дэмжих, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах цаг гаргах, гэрийн даалгавраар шинжлэх ухааны сонирхолтой туршилт хийж бие даан суралцах, хичээл хийх явцыг чанаржуулан, сурагчдын өөрийгөө хөгжүүлэх цагийг нэмэгдүүлэх зорилготой аж. “Хөнгөн цүнх” төслийнхөн 7-8 дугаар ангийн хүүхдүүдэд чиглүүлэгч багшийн хамт, сургалт явуулж байна.

Санаагаа хэрхэн гаргасан талаар сурагч Х.Хулан “Манай сургуулийн зарим сурагч хичээлийн ачаалал, шалгалт, гэрийн даалгавраас болж, ядарч, стресстэх үе байдаг. Мөн найздаа хэрхэн туслах, өөрийгөө хэрхэн халамжлах талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс бид үе тэнгийн дэмжигч хүүхдүүдийн хувьд сургуульдаа хөгжилтэй, хэрэгтэй үйл ажиллагаа зохион байгуулж, найзууддаа шинэ зүйл сурах, өөрийгөө халамжлах, бие биеэ дэмжихэд нь туслах хүсэлтэй байсан” хэмээн ярилаа.
“Хөнгөн цүнх” төслийн ажлууд
Төслийнхөн эхний удаа хичээлийн даалгаврын цаг ашиглалтыг судалж, багш нарын хичээл хоорондын даалгаврын уялдааг сайжлуулахаар ажиллажээ. Ингэснээр хичээлтэй холбоотой сонирхолтой туршилт судалгаа хийх, хоорондоо ярилцах, санал бодлоо илэрхийлэх боломж бүрдсэн. Үүний дараа сурагчдыг өөрийгөө хайрлах аргад суралцуулсан бөгөөд хүүхдүүд өөрийгөө хэрхэн халамжлах илүү сайн мэддэг болсон аж. “Хөнгөн цүнх” төслийн багийн гишүүн, сурагч Г.Мөнхнаран цаг төлөвлөлтийн үр дүнтэй арга хүүхдүүдэд хэрэгтэй байсан талаар ярилаа. Тэрээр “Сурагчдад Помодоро цаг төлөвлөлтийн арга техникийг танилцуулсан. Хүүхдүүд уг аргад суралцаж үр дүн ч гарч байгаа. Помодоро аргын давуу тал нь төвлөрөл сайжирч, ажлаа хойшлуулах зуршил багасахаас гадна ядралт буурдаг. Мөн цагийн хэрэглээгээ мэддэг болохын зэрэгцээ бүтээмж нэмэгдэнэ” гэлээ.

Төслийн багийнхан сурагчдад сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх сургалт явуулснаар хүүхдүүд сэтгэл зүйн анхны тусламжийн “Харах-Сонсох-Холбох” зарчмын талаар мэдээлэлэтэй болжээ. Мөн хичээлийн даалгаврын цаг ашиглалтыг судалж, хоорондын уялдааг сайжлуулах, нэг өдөр бичгийн олон даалгавар өгөхөөс сэргийлэх зорилгоор багш нартай хамтран туршилт хийсэн байна. Энэ талаар чиглүүлэгч багш А.Энхжаргал “Би нийгмийн ухаан, түүх, иргэний ёс зүй гэсэн гурван хичээл заадаг. Энэ гурван хичээлийн даалгаврыг нэг болгох боломж байдаг уу, нэг болговол багш, сурагчдад ачаалал буурах уу гэдгийг судлаад, нэг баасан гарагийг сонгон, даалгавраа нэгтгэж өгсөн байгаа. Тухайлбал, 8 дугаар ангийн нийгмийн ухаан, иргэний ёс зүй, түүхий хичээлийн даалгавруудын агуулгын уялдаа холбоог ханган нэгдсэн байдлаар гэрийн даалгаварыг төлөвлөн хийх боломжийг туршихад сурагчдын ачааллыг бууруулахын зэрэгцээ суралцах үйл явцыг илүү үр дүнтэй зохион байгуулах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. ” хэмээн тэрээр ярив.
“Хөнгөн цүнх” төслийн хүлээлт
Багийнхан үйл ажиллагаа бүрийн дараа хүүхдүүдээс юу сурч мэдсэн, юу нь хамгийн их таалагдсан талаар асууж ярилцан, санал авах юм. Түүнчлэн эцэг эхтэйгээ ярилцсан эсэх, өөрийгөө халамжлах ямар аргууд туршиж үзсэн талаараа хуваалцахаар төлөвлөжээ. Багийн гишүүн, сурагч Г.Чинжаргал “Бидний хувьд төслийн чиглүүлэгч багш болон нийгмийн ажилтны зөвлөснөөр үйл ажиллагаа төлөвлөсний дагуу хэрэгжиж байгаа эсэхийг хамтдаа хянах юм. Төслийн хаалтаар хүүхдүүдийн оролцоо, өөрчлөлтийн талаар тайлан гаргана” хэмээн танилцууллаа. Тайлангаа үйл ажиллагаа бүрийн гэрэл зураг, мэдээлэл, оролцогчдын сэтгэгдэл зэргээр баталгаажуулах юм байна.
“Хөнгөн цүнх” төсөл нь олон талын үр өгөөжтэй. Сурагчдын гэрийн даалгаврыг оновчтой нэгтгэж, зохицуулснаар багш, сурагчдын цагийг хэмнэж, чөлөөт цагийг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх, өөртөө анхаарал тавих, амрах, сонирхсон зүйлээ хийхэд илүү их цаг зарцуулахын зэрэгцээ гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, санал бодлоо чөлөөтэй хуваалцах, нээлттэй харилцах боломж бүрдэнэ. Сурагчдын санаачилсан энэхүү бичил төсөл нь энгийн нэгэн сургалтын үйл ажиллагаанаас илүүтэй хүүхдүүд өөрсдөдөө тулгарч буй асуудлыг тодорхойлон хамтдаа шийдвэр гаргаж багш нартайгаа хамтран ажиллаж чаддагийг нотолсон бодит жишээ юм.

