ESEL хөтөлбөр Политехник коллеж, МСҮТ-үүдэд хэрэгжиж эхэллээ
-Төсөл хэрэгжүүлэгчдийн төлөөллүүд семинарт оролцож, туршлагаа солилцов-
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна. 2022 оны намраас төслийн 5 аймгийн 6 Политехник коллеж, МСҮТ-үүд төсөлд нэмэлтээр хамрагдаж эхэлсэн. Мэргэжлийн боловсролын сургуулиуд төсөлд хамрагдсантай холбогдуулан “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-ийг 2023 оны 1 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Энэхүү семинар нь мэргэжлийн боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа ESEL хөтөлбөрийн явцын үр дүн, туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэж, харилцан суралцах, хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх, зохион байгуулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга замыг тодруулах зорилготой байв.
Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Бид өнгөрсөн оны 5 дугаар сард болсон Үндэсний форумын үеэр санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллагатай энэ төслийг МСҮТ-үүдэд хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүргэх боломжтой гэсэн санааг ярилцаж байсан. Энэ санаа өнөөдөр ажил хэрэг болж, ESEL хөтөлбөр 5 аймгийн Политехник коллеж, МСҮТ-үүдэд хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсэнд баяртай байна” хэмээн онцлов.
Семинарын үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд аймгийн Политехник коллеж, Сүхбаатар аймгийн МСҮТ- ийн төлөөллүүд төслийн үйл ажиллагааны явцын үр дүнгээ танилцуулсан юм. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан ESEL хөтөлбөрийн суралцагч С.Баттүшиг өөрт гарсан өөрчлөлтийн талаар “Би энэ хөтөлбөрт оролцохоос өмнө бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй байсан. Хөтөлбөрт хамрагдсаны дараа өөрийгөө илэрхийлж, өөрийгөө нээж, би чадна, болгоно гэсэн эерэг хандлагатай болсон байгаа. Энэ хөтөлбөрөөр суралцагчид үзэл бодлоо илэрхийлэх, гарааны бизнесийн зэрэг олон ур чадварт суралцсан” гэлээ. Өвөрхангай аймгийн Политехник коллежийн оюутан ESEL хөтөлбөрийн суралцагч Э.Саранзаяа багаа төлөөлж “Монгол хүж” бичил төслийнхөө талаар “Байгалийн гаралтай түүхий эд ашиглан уламжлалт аргаар хүж хийж, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой. Ижил төрлийн бүтээгдэхүүний орц найрлагыг судлах, уламжлалт аргаар хүж хийх, зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн Питч илтгэлийнхээ үеэр танилцуулж, оролцогчдын байгальд орчинд ээлтэй эсэх, төслийн санаагаа хэрхэн олсон гэх зэрэг асуултуудад хариулав.
Семинарт оролцогчид суралцагчид, захирлууд, заах арга зүйч болон сургалтын менежерүүд, багш нарын бүлэг, төслийн ажилтнууд гэсэн бүлэгт хуваагдаж, ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн боловсролын сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх хэрэгцээ, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн, ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох семинар”-т “Зөөлөн ур чадвар” номын редактор Н.Цэнгэлсайхан зочноор уригдан, оролцогчидтой санал бодлоо солилцов.
Бие биенийхээ сайн туршлага, сургамж, ололтоос хамтдаа суралцсан нэг өдрийн семинар ийнхүү өндөрлөж, төслийн зорилтот 5 аймгийн мэргэжлийн боловсролын сургуулийн захирал, багш, суралцагчид бүтээлч санаа, шинэ мэдээлэл, мэдлэгтэй, төслийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх урам зоригоор дүүрэн буцлаа.