Эрүүл мэндийн төсөл
Хүүхдийг эрүүл өсөж, бойжих боломжоор хангах нь Хүүхдийг Ивээх Сангийн эрхэм зорилгуудын нэг юм. Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь эрүүл мэндийн асуудлыг боловсрол, хүүхэд хамгаалал зэрэг өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад хөтөлбөрийн үйл ажиллагаанд тусгаж, уялдуулж ажилладаг.
Бид 2010 оноос Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хүүхэд хамгааллын асуудлыг нэвтрүүлж, хүчирхийллийн эрсдэлд орсон болон хохирсон хүүхдүүдийг хамгаалахад эмнэлгийн ажилтнуудын хариу арга хэмжээг сайжруулах талд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 2010 онд ЭМЯ, АШУҮИС, Шүүх эмнэлэгтэй хамтран анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Хүүхэд хамгаалал”-ын хичээлийн хөтөлбөрийг анх удаа боловсруулж, гарын авлага хэвлүүлсэн.
Хичээлийн агуулгад хүүхэд хамгааллын үндсэн ойлголт, хүчирхийлэл, дарамтын шинж тэмдэг, хүчирхийлэл, дарамтад өртсөн хүүхэдтэй ажиллах арга барил, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд эрүүл мэндийн ажилтнууд хэрхэн оролцох арга замыг тодорхойлон оруулсан бөгөөд энэхүү хичээлийг АШУҮИС үндсэн сургалтын хөтөлбөртөө оруулж баталсан байна.
Мөн “50,000 нярайд 50,000 дулаан малгай” аян (2008 он), Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалт (2011 он), “Эсэн мэнд амьдрахуйн төлөө” өдөрлөг, гүйлт (2013 он) зэрэг аян, арга хэмжээ зохион байгуулсан.
Хүүхдийг Ивээх Сангаас 2011-2014 онд сургууль, цэцэрлэгийн ус, эрүүл ахуй, ариун цэврийн асуудалд анхаарч, “Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө”-ний үзэл баримтлал боловсруулсан юм. Үүгээр нийслэлийн 6 цэцэрлэгийн 18 бүлгийн ариун цэврийн өрөөг загвар болгон засварлаж, боловсролын болон барилгын мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага, зөвлөмж гаргаж, Улаанбаатар хотын боловсролын газруудад сургалт хийж, таниулан сурталчилсан. Энэ загварын дагуу нийслэлийн 31 цэцэрлэг өөрсдийн санаачилгаар ариун цэврийн өрөөгөө засварлан тохижуулжээ. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх үзэл санаа, зарчим нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд, мэргэжилтнүүд болон бусад хамтрагчдад жишиг загвараар хүлээн зөвшөөрөгдсөн. Түүнчлэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь” төслийг АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 2022-2023 онд хэрэгжүүлсэн.