“Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төсөл (2021-2022 он)

Хүүхдийг Ивээх Сан “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төслийг Австралийн Сайн дурын хөтөлбөрийн Нөлөөллийн сангийн санхүүжилтээр 2021-2022 онд хэрэгжүүлэв. Энэхүү төслөөр зайн болон явуулын сургалтаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бичиг үсэггүй малчин эцэг, эхчүүдийн унших, бичих, тоо бодох чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг сайжруулах, цаашлаад төслийн үр дүнг бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа.

Төсөл зорилтот орон нутагт 60 малчин эцэг, эх бичиг үсгийн чадвараа дээшлүүлэх замаар хүүхдийнхээ боловсролын хэрэгцээг хангаж, сурах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх, сонгогдсон аймгийн сумд болон бусад орон нутгийн удирдлагууд ард иргэдийнхээ, нэн ялангуяа залуу эцэг, эхчүүдийн боловсролын хэрэгцээ шаардлагын талаарх ойлголтоо сайжруулж, тэднийг дэмжсэн шийдвэрүүдийг гарган ажиллахад нөлөө үзүүлэх зорилт дэвшүүлэн ажиллав. “Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн малчин эцэг, эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг сайжруулах нь” төсөлд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Уянга сумын боловсролын тусгай хэрэгцээт хүүхэдтэй 60 эцэг эх хамрагдаж, унших, бодох, тоо бодох үндсэн чадваруудыг эзэмшсэн юм.

Боловсролын тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй байдгаас гадна нийгмийн харилцаанд ороход хүндрэлтэй байдаг. Төслийн хүрээнд дээрх эцэг эхчүүдэд бичиг үсгийн боловсрол олгосноос гадна амьдрах ухааны хичээлд хамруулж, анги хамт олонтой болгоход анхаарсан байна. Түүнчлэн, зорилтот сумдын удирдлагууд бичиг үсгийн боловсрол, бичиг үсэг үл мэдэгчид болон тэдгээрийг илрүүлэх, тэдгээр хүмүүст анхаарал хандуулах цаашид сургалтын хөтөлбөрт хамруулах тал дээр анхаарч ажилладаг болжээ. Энэхүү төсөл нь орон нутгийн санаачилгаар бий болсон, манай улсад анх удаа хэрэгжсэн гэдгээрээ онцлогтой юм.