“Хайраар үлгэрлэе” нөлөөллийн аян
Монгол Улс 2016 онд Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай багц хуулиудыг баталснаар Монгол Улс хүүхдийг бие махбодын болон сэтгэл санааны хувьд шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглосон дэлхийн 49 дэх, Зүүн болон Зүүн Өмнөд Азидаа 2 дахь орон болсон билээ. Хууль батлагдаж, хэрэгжиж байгаа ч хүүхдийг зодож шийтгэх явдал нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байгааг гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдүүдийн тоо баримт харуулсаар байна. Хүүхдийг зодож шийтгэхэд хүүхэд бие бялдар төдийгүй сэтгэл зүйн гэмтэл авч, улмаар оюуны хөгжилд нь сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар батлагдсан юм.
Тиймээс Хүүхдийг Ивээх Сан Японы Олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагын дэмжлэгээр “Хайраар Үлгэрлэе” аянг 0-14 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд чиглүүлэн зохион байгуулсан юм. Бид кампанит ажил эхлэхээс өмнө маркетинг, судалгааны “Меркадо” агентлагтай хамтран зорилтот бүлгийн 1,000 эцэг, эхээс нарийвчилсан судалгаа авсан. Энэхүү судалгаагаар зорилтот бүлгийн зан чанар, итгэл үнэмшил, хүмүүжлийн сөрөг арга барил, өдөр тутам ханддаг мэдээллийн хэрэгсэл, итгэж үнэмшдэг нөлөөлөгч хүмүүсийг илрүүлж, цуглуулсан баримт судалгаан дээр үндэслэн нэг сарын нөлөөллийнаяныг төлөвлөж, амжилттай гүйцэтгэсэн билээ.
“Хайраар Үлгэрлэе” аян 2020 оны 7-8 дугаар сард монгол эцэг, эхчүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг сошиал медиа (фейсбүүк, твиттер, инстаграмм) болон уламжлалт мэдээллийн хэрэгслээр (телевиз, радио, сонин) зохион байгуулагдсан бөгөөд нийгмийн нөлөө бүхий 14 хүн уг аянд нэгджээ. Аяны ярилцлага, нийтлэл мэдээлэл давхардсан тоогоор 3.5 сая орчим хүнд хүрчээ.
“Хайраар үлгэрлэе” аянг зохион байгуулснаас хойш эцэг, эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргаар хүмүүжүүлэхээр эрэлхийлж, мэргэжилтнүүдэд хандах нь ихэссэн байна. Судалгаагаар хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг мэддэг байдлын хувьд нөлөөллийн аян эхлэхээс өмнөх гарааны судалгаанд 75 хувь нь мэддэг гэсэн бол аянг өрнүүлж дууссаны дараа 82 хувь болж 7 хувиар нэмэгджээ.
Мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдлэг ойлголтыг өгснөөр, тэднийг хандлага, үйлдлээ эерэг болгоход сэдэлжүүлж, хүүхдээ хүмүүжүүлэхэд тулгарч байгаа асуудлаар сэтгэл зүйчид хандах болжээ. Зөвхөн Сэтгэл судлалын үндэсний төвд хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсэгчдийн тоо кампанит ажлын үеэр 30 хувь нэмэгдсэн байна. Эдгээр үйлчлүүлэгчид хүүхдийг зодож шийтгэж болно гэдэг буруу үнэмшилтэй байсан бөгөөд бидний ярилцлага, нийтлэлүүдээс энэ ойлголтоо засаж, илүү дэлгэрүүлж суралцах, зодож шийтгэснээс хүүхдэд нь ямар нэг сэтгэл зүйн асуудал үүссэн үү, хүүхэдтэйгээ харилцаагаа хэрхэн сайжруулж дотносох вэ зэрэг асуудлаар сэтгэл зүйчдэд ханджээ.
Үүнээс гадна Хүүхдийг Ивээх Сангийн фейсбүүк хуудсаар дамжуулан хүмүүжлийн эерэг аргын тухай асууж, лавлахын зэрэгцээ сургалтад суухыг хүссэн эрэлт хэрэгцээ өсчээ.
2020 оны “Хайраар Үлгэрлэе” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.
Та энэхүү кампанит ажлын бүтээлүүдийг #ХайраарҮлгэрлэе хаштагаар фейсбүүк болон цахим хайлтын сүлжээнээс үзэх боломжтой.