“Хамтдаа” нөлөөллийн аян (2022)
Хүүхдийг Ивээх Сан 2021 оноос гурван жилийн хугацаатай “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь-2” төслийг Япон Улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд тэгш хамруулах боловсролын талаар эцэг эх, олон нийт, сургуулийн ажилтнуудын мэдлэг, ойлголтыг сайжруулах, тэгш хамруулах соёлыг сурталчлах зорилго бүхий нөлөөлөл, мэдээллийн кампанит ажлыг 2022 оны хоёрдугаар сард олон нийтийн цахим сүлжээнд түшиглэн зохион байгууллаа.
“Хамтдаа” хэмээх энэхүү аяны хүрээнд төслийн үр шим хүртэгчдийн амжилтын түүх (5), постер зургууд (3), видео бүтээлүүдийг (4) боловсруулж, зорилтот бүлгийн үзэгчдэд түгээсэн юм. Давтагдсан тоогоор нийт 2.9 сая хүн тэгш хамруулах боловсролыг сурталчилсан төрөл бүрийн контентийг үзэж сонирхжээ. Энэхүү аяны үр дүнд зорилтот бүлгийн үзэгчдийн тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, хандлага, дадал сайжирсан болох нь кампанит ажлын өмнөх болон дараах харьцуулсан судалгааны үр дүнгээс харагдаж байна.
“Хамтдаа” нөлөөллийн аяны үр дүн:
- Тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эхчүүд боловсролын тусгай хэрэгцээтэй хүмүүсийн талаар сайн мэдлэгтэй гэж өөрсдийгөө үнэлсэн байдал 13%-иар нэмэгдсэн.
- “Тусгай хэрэгцээт хүүхэд боловсролд тэгш хамрагдсанаар тэдний нийгмийн оролцоо нэмэгдэнэ” гэдэгтэй судалгаанд оролцсон тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг эхчүүдийн 95%-с дээш хувь нь санал нийлжээ.
- “Би боловсролын тусгай хэрэгцээтэй хүмүүсийн талаар сайн мэддэг” гэж өөрийгөө үнэлсэн тусгай хэрэгцээт хүүхэдгүй эцэг эхчүүдийн тоо 6.9%-иар өссөн байна.
- “Би хүүхэддээ тусгай хэрэгцээтэй хүмүүсийн талаар тайлбарлан мэдээлэл өгдөг” гэсэн тусгай хэрэгцээт хүүхэдгүй эцэг эхчүүдийн тоо 45%-аас 50% болж нэмэгдсэн.
- “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ЕБС-д бусад хүүхдүүдтэй хамт суралцах нь зөв” гэдэгтэй санал нийлсэн тусгай хэрэгцээт хүүхэдгүй эцэг эхчүүдийн тоо 77%-иас 81% болон нэмэгджээ.
- “Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд ердийн сургуульд явсанаар илүү сайн нийгэмшиж чадна” гэдэгтэй нийт эцэг эхчүүдийн санал нийлсэн байдал 12.6%-иар өссөн эерэг үзүүлэлт ажиглагдсан.
- Нөлөөллийн аянаас өмнө “Тусгай хэрэгцээт хүүхэдтэй хамт суралцах нь хүүхдийнх нь сурах үйл явцад сөргөөр нөлөөлөхгүй” гэдэгтэй тусгай хэрэгцээт хүүхэдгүй эцэг эхчүүдийн 79.4% нь санал нэг байсан бол үр дүнгийн судалгаагаар энэ үзүүлэлт 8%-иар нэмэгджээ.
2022 оны “Хамтдаа” нөлөөллийн аяны видео бүтээлүүдийг эндээс үзнэ үү.