“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” HELP төсөл (2022-2023 он) Монгол Улсад 2020 оны байдлаар бичиг үсэггүй 25,000 насанд хүрэгчид байсны дийлэнх нь хөдөө орон нутгийн иргэд байв. Хүүхдийг Ивээх Сангийн бусад төслийн хэрэгжилтийн явцад малчин эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролыг дэмжих, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах талаар ойлголт мэдлэг дутмаг байгаа нь түгээмэл ажиглагдсан юм.Тиймээс Хүүхдийг Ивээх Сан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эхчүүдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхдийнхээ сурч хөгжих болон сайн сайхан байдлыг дэмжих чадавхыг сайжруулах нь” төслийг санхүүжүүлэн, 2022-2023 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслөөр зорилтот орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурах, хамгаалуулах эрхээ эдлэхэд эцэг эх, асран хамгаалагчдынхаа зүгээс шаардлагатай тусламж дэмжлэгийг авч чаддаг болсон байхыг зорив.Энэхүү төслөөр хөдөө орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй малчин эцэг эх, асран хамгаалагчдын бичиг үсгийн түвшнийг тогтоож, хүүхдийнхээ боловсрол, сайн сайхан байдлыг дэмжихэд нь тохиолдож буй саад бэрхшээлийг тодорхойлж, улмаар хэрэгцээнд нь суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулан зайн болон танхимын, явуулын сургалтуудаар дамжуулан мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлсэн юм.Төсөл Ховд аймгийн Булган, Дарви сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Уянга, Хархорин суманд хэрэгжин, тусгай хэрэгцээт хүүхэдтэй нийт 60 эцэг эх хамрагдаж, унших, бодох, тоо бодох үндсэн чадваруудыг эзэмшсэн байна. Хүүхдийг Ивээх сан уг төслийг Өвөрхангай аймгийн Насан туршийн Боловсролын төв, Ховд аймгийн Насан туршийн Боловсролын төвтэй хамтран хэрэгжүүлэв.