“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төсөл (2021 он)
2021 оны 3 дугаар сард болсон хүчтэй шороон шуурганд Монгол улсын 16 аймгийн 154 сумын ард иргэд нэрвэгдсэн юм. Албан мэдээгээр, 706 хүн шуурганд төөрч, сураггүй болсноос 10 хүн нас барж, 531 гэр нурж, 134 мянга гаруй толгой мал хорогджээ. Хүүхдийг Ивээх Сан Хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд шороон шуурганд өртсөн малчин өрхүүдийг дэмжих, гамшигт өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилгоор “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг 2021 онд хэрэгжүүлэв.
Энэхүү төслийн хүрээнд Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн шороон шуурганд ихээр өртсөн 92 өрхөд монгол гэр, 660 өрхөд эрүүл ахуйн багц, 440 өрхөд мөнгөн тусламж үзүүлж, 3,000 ширхэг сэтгэлзүйн анхны тусламжийн зөвлөгөөг зорилтот хүн амд хүргэлээ.
Малчдад өгөх тусламжийг шороон шуурганд гэр нь бүрэн эвдэрсэн, мал болон бусад эд зүйлийн хохирол амссан, хүүхэдтэй, амьжиргааны төвшин доогуур зэрэг байдлыг харгалзан олгосон юм.
Монгол гэр нь иж бүрэн, таван ханатай, давхар бүрээстэй байсан бол эрүүл ахуйн багцад оо, саван, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгсэлүүд, хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэргийг багтаасан бөгөөд нэг багцын үнэ нь 50 ам.доллартай тэнцэх хэмжээтэй байлаа. Нэг өрхөд өгсөн мөнгөн тусламж нь 100 ам.доллартай тэнцэх Монгол төгрөг байв.
“Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг Япон Платформ Сан, Олон улсын Хүүхдийг Ивээх Сангийн “SEED” Хүмүүнлэгийн Сан санхүүжүүлсэн юм.